Гудлак Жонатхан ялагдал хүлээв

img

 

Нигер улсад энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан билээ. Сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Гудлак Жонатхан болон сөрөг хүчин “Ардчилсан” намын дарга Мухаммед Бухари нэр дэвшсэн юм. Тус улсын сонгуулийн хороо өчигдөр урьдчилсан байдлаар сонгуулийн дүнг танилцуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч ялагдал хүлээж, Бухари ялалт байгуулжээ.

 

Нийт сонгогчдын 60-аас дээш хувь нь Бухаригийн төлөө саналаа өгсөн гэж сонгуулийн хорооноос мэдээлж, эцсийн дүн энэ сарын 7-нд гарна гэжээ. Энэхүү дүн өөрчлөгдөж болзошгүйг хоёр нэр дэвшигчдэд сонгуулийн хорооны дарга Эмари Исан мэдэгдсэн байна.

 

Сонгуулийн үеэр хэт даврагч “Боко Харам” бүлэглэл дараалласан халдлага үйлдэж, Гудлак дахин сонгогдвол олон хүн амиа алдахыг сануулсан билээ. Энэхүү мэдэгдлийн дараа Гудлакийн дэмжигчдийн тоо эрс төөрсөн тухай АНУ-ын ажиглагч Женнефир Эдис тайландаа дурьжээ.

Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Ерөнхийлөгчийн нэр хүнд буурсан юм. Тэрбээр амлалтдаа дахин сонгогдвол “Боко Харам” бүлэглэлийг устгах болно гэсэн ч сонгогчид тус бүлэглэлийг устгах хангалттай хугацаа байхад Ерөнхийлөгч ашиглаагүй хэмээн буруутгасан байна. Мөн Борно мужаас хулгайлагдсан 200 гаруй охиныг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй гэжээ.

 

Харин Бухари амлалтадаа “Нигерийг Африкийн Америк болгож, ажилгүйдэл, ядуурлын түвшинг буулгахад гол анхаарлаа хандуулж, нийслэл хотоо сүүлийн үеийн нийслэл болгоно” хэмээн амласан юм. “Бухаригийн амлалт хэдий бодит амьдралаас хол зөрүүтэй ч Нигерийн ард түмэн шинэ удирдагчийг хүссэн бололтой” гэж “AFP” агентлаг мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ