Ура! Дайраад

Ардчилал бидэнд олон сайхан зүйлсийг өгсөн шигээ энэ Монгол Улсын үнэт баялаг хүн гэдгийг мартуулж орхисон гэлтэй. Хүн гэдэг эрхэм хүндэт нэрний эзэн нь болж төрсөн л бол ажиллаж, хөдөлмөрлөж, сурж боловсорч, сайн сайхан амьдрал руу тэмүүлж, хүсч мөрөөддөг. Хоёрхон сарын өмнө бид гурван саяулаа болсон ч гэлээ хүний үндсэн эрхээ эдлэх талаар бодож ч үзээгүй болов уу гэмээр зарим маань амьдарч байна. Тэд бол хог түүж, хогийн цэгээс амьдралаа залгуулдаг хэсэг бүлэг хүмүүс.
25 жилийн тэртээд энэ хүмүүс огт байгаагүй. Харин одоо нийслэлийн хаана ч тэднийг харж болно. Бусдад саад учруулж, асуудал үүсгэдггүй ч гэлээ тэднээс бүгд дөлж, зай барьдаг нь үнэн. Хувь тавилангийн эрхээр энэ амьдралыг сонгосон нэг хэсэг байхад төрөхдөө л ийм орчинд мэндэлж, өөрөөр төсөөлж үзээгүй шинэ үеийнхэн ч бий. Уншигч танд Баянзүрх дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаандавааны хогийн цэг дээр өчигдөр авсан хэсэгхэн дүр зургаас харуулж байна.
Энэхүү Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн мэдлийн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт нийгмийн эмзэг бүлгийн 60 орчим иргэн тогтмол амьдарч ажил хөдөлмөр эрхэлдэг гэнэ. Харин ажлын өдрийн үдээс хойш болон амралтын өдрүүдэд орлого багатай иргэд болох 250-350 хүн ирж дахивар цуглуулдаг аж.
Хогны машин ирэхэд том багагүй араас нь гүйж, хүүхдүүд, залуучууд үсэрч суух оролдлого хийнэ. Өнгөрсөн долоо хоногт яг ингэж хогны машины араас 10 гаруй насны хүү зүүгдэж бусдаас түрүүлж хэрэгтэй хог түүх гэж яваад амиа алдсан гэнэ. Учир нь шөнө ирсэн уг машин нь тэвш дүүрэн шороо очиж явсан бөгөөд тэр орчимд тог цахилгаангүйгээс тас харанхуй. Үүзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ард нь хүүхэд зүүгдсэн байсныг мэдэлгүй шороогоо буулгаж, хөөрхий хүү шороонд дарагдан газар дээрээ амиа алджээ.
Хөөрхий хүүгийн амиа алдсаныг тэд ам уралдан ярьж байсан ч удалгүй хогны машин зогсоход тал талаас нь гүйн очиж, машиныг бүчин авав. Жолооч ачсан хогоо буулгаад машинаа холдуулахад хүлээж байсан хүмүүс “Ура! Дайраад” гэж хэлээд бүгд тонгойн шуудай, торондоо хэрэгтэй гэснээ авч хийж байв. Ингэж ухаан жолоогүй түүсэн хонгоос нь мөнгө болохоор нь зүйл нь мэдээж хуванцар сав, лааз. Тэднээс ченжүүд нэг кг хуванцар савыг нэг кг-ыг нь 250 төгрөгөөр тооцон авдаг гэнэ.
Эдийн засгийн хямралаас болоод 300 төгрөгөөр авдаг байснаа 50 төгрөгөөр бууруулсан гэх. Хамгийн анхаарал татсан зүйл нь ченжүүд анхдагч борлуулагч болох хогийн цэг дээр ажилладаг энэ хүмүүсээс авсан хуванцар сав, лааз зэргийг урд хөрш рүү гаргадаг ченжүүдэд үнэ хүргэн зардаг. Урагшаа гаргадаг ченжүүд гэдэг нь Монгол Улсын хэмжээнд ердөө л таван хятад хүн байдаг аж.
Эмзэг бүлгийн гэх тодотголтой, хогийн цэг дээр ажиллах эдгээр хүмүүс гудамжинд гуйлга гуйж суулгүй ажил хийж байгаа нь сайн ч гэлээ хог түүж, гахай нохойтой зэрэгцэж, зөвхөн өнөөдрийнхөө л төлөө амьдарч байна. Үүний оронд бүх төрлийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулчихвал, бидний үл тоодог түүхий эд гадагш валют болон урсахаа больж, энэ хүмүүс хог түүж биш, үйлдвэрийн дамжлага дээр ажиллах хүчин болно.
Хэрэв тэгвэл эдгээр хүмүүс цалинтай орлоготой, нийгмийн даатгалтай, хүсэл мөрөөдөлтэй, үр хүүхдээ бусдын адил сайн сайханд тэмүүлэх сэтгэлээр өсгөж хүмүүжүүлэхээр хичээх нь мэдээж. Тэд биднээс ондоо хүмүүс биш. Өнгөрсөн 25 жилийн бодлого боловсруулагчдын алдаатай бодлого, шийдвэрийн хариулт нь гэдгийг сануулахыг хүслээ. Тэд ч бас Монгол Улсын иргэд.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ