П.Цагаан С.Жавхлантай уулзая гэжээ

Гавьяат дуучин С.Жавхлан “Төр буруутай юу?, түмэн олон буруутай юу?” халз мэтгэлцээнд Төрийн гурван өндөрлөгийг оролцуулахыг урьсан боловч нэлээд шүүмжлэл дагуулж, бүтээгүй. Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгчийг дахин мэтгэлцээнд урьж байгаа талаараа “Гал үндэстэн” холбоо, “ДМ” нэгдэл, Хамаг Монгол төслийнхөн өнөөдөр мэдээлэв.
Сүүлийн үед С.Жавхлан Ерөнхийлөгчийгөө дуудаж мэтгэлцэх нь ёс зүйд нийцэхгүй гэсэн мэдээлэл, ярилцлага их гарах болсон байна. Тиймээс тус хөдөлгөөнийхөн уг шүүмлэлийг хүлээн авч ёс зүйтэй уулзалт хийхээр болсон гэдгээ хэллээ.
Тэд ирэх даваа гаригийн 12:00 цагт ёс зүйтэй уулзалт буюу “Төр түмний халз мэтгэлцээн” хийхээр болсон байна. Одоогоор мэтгэлцээнд орохоор 100 орчим хүн албан ёсоор бүртгүүлжээ. Тэд болзсон цагтаа Төрийн ордонд очно гэдгээ ч мэдэгдэж байна.
Энэ халз мэтгэлцээнээр Төрийн удирдлагуудын баримталж буй зөрүүтэй бодлого болон иргэдийн санал хүсэлтэд тодорхой хариулт авахыг хүсч байгаа аж. Харин ямар нэг буруу үйлдэл гаргахгүй гэдгийг тэд онцоллоо.
Төрийн ордонд болох уулзалтын талаар С.Жавхлан “Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан над руу утсаар ярьсан. Тэр намайг Төрийн ордонд хүрээд ир. Уулзаж ярилцаж, зөвшилцөж болно" гэсэн. Тиймээс биднийг төрийн ордонд очиход хүлээж авна гэж найдаж байна” гэв.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ