Ч.Ганхуяг: Уул уурхайн улс гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй

“Монголын эдийн засгийн форум-2015” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Форумын үеэр “Ард санхүүгийн нэгдэл” группийн захирал Ч.Ганхуягтай ярилцсанаа хүргэж байна.
-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд олон мега төслийг цааш нь явуулах нь зүйтэй гэж байна. Энэ тал дээр таны бодол?
-Эдийн засгийг өөд татах төслүүдийг дэмжиж ажлаа явуулах хэрэгтэй. Ажил явна гэдэг маань ирээдүй хойчдоо асуудал биш шийдлийг үлдээж байгаа юм. Шийдлүүдийг үлдээе гэдэг нь сайхан, баян чинээлэг, аз жаргалтай нийгмийг үлдээнэ гэсэн үг. Ингэхийн тулд цаг хугацаанд нь сургуулиудаа барья, эмнэлгүүдээ барья, эмч нараа бэлдэе, цөмөөрөө энэ хотоо Сингапур шиг болгочихоод дараагийн үедээ хүлээлгээд өгчихье л дөө.
Гэтэл бидэнд Сингапур шиг далайн боомт байхгүй, далайн боомттой байсан болоосой гээд хөгжлийн загвараа гаргах хэрэггүй шүү дээ. Хөгжлийн загвар маань тодорхой байгаа. Манайхаас хүмүүс нүүрс авъя гэж байна. Нүүрс нь манайд хангалттай байна. Тэрийг нь авъя гэсэн хүн байгаа бол сайн үнээр зараад олсон мөнгөөрөө бид асуудлуудаа шийдээд дараагийнхаа үед сайхан ирээдүйг нь өгье.
-Тэгвэл манай хөгжлийн загвар тодорхой байна гэсэн үг үү?
-Миний хувьд тодорхой байгаа. Гэхдээ бусдын хувьд яаж тодорхой болгох вэ гээд Монголын эдийн засгийн энэ чуулганаар алсын хараа гээд хэлэлцэх гэж байна. Хүүхэд завь хийчихээд усанд тавихад салхинд туугдаад салхины аясаар тэр нь хөвдөг шүү дээ. Тэгвэл бид гадны зах зээлийг буруутгаж биш, тэр завин дээрээ жолоодлоготой, ахмадаа томилчихоод тэр цэг рүү явна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Дараа нь тэр цэг рүүгээ ямар хурдтай, яаж явах вэ гээд маргалдах ёстой. Гэтэл "би тийшээ явмаар байна, үгүй ийшээ явна" гээд маргалдаад суумааргүй байна. Тэгэхээр эхлээд алсын хараагаа тогтоочихъё, хүрэх аргаа ч тогтоочихьё. 2016 оны сонгуулийн өмнөх нэг жил хагас хугацаанд бага савалгаа үүсгэе. Сууж яваа завиа болгоомжтой нухацтай жолоодъё. Арай илүү эрдэмтэн судлаачдын судалгаан дээр үндэслээд хөгжлийн нэг загвар гаргаж аваад “Уул уурхайн улс” гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Татвар төлөгчдийн жагсаалтаас харахад манай улс аж үйлвдэрийн улс биш, маа-н ч улс биш гэдгийг харж болно. Тодруулбал, Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг компаниуд өнөөдөр нийгмийн амьдралыг нуруун дээрээ үүрч явна. Тийм болохоор уул уурхайн улс гэдгээ л хүлээн зөвшөөрөх ёстой.
-Уул уурхайд хэт найдалгүй эдийн засгаа солонгоруулъя гэж үзэх нэгэн ч бий?
-Дан ганц уул уурхай гэж явах нь эрсдэлтэй гэдэг асуудал дээр л маргалдаад байгаа шүү дээ. Би түрүү жилийн форум дээр хэлж байсан. Монгол Улс Ногоон хөгжилийн бодлого баримтална гэсэн дээ. Тэгсэн мөртлөө төрийн ордноосоо 2 км-ийн цаанэ энэ улсын иргэн гудамжинд -40 хэмд гадаа бие засах гээд гарч байна. Тэгэхээр чинь ийм байдалд яаж бид нар ногоон хөгжлийг ярих юм бэ. Өнөөдөр эдийн засгаа босгох хэрэгтэй гэсэн зарчим дээрээ тогтох хэрэгтэй, Эхлээд хүрэн нүүрсээ гаргаж ирээд, эдийн засгаа босгож ирээд дараа нь ногооруулах талаар ярих ёстой. Гэтэл бид нар гэртээ дулаахан хонохын тулд мод тайрч түлсэнд нь хүнийг буруутгах эрх бйахгүй. Ядуу байгаа юм чинь.Эхлээд хүмүүсээ ядуурлаас нь гаргаж, хүн шиг амьдрах, эрүүл орчинд аж төрөх, боловсролтой өсөж өндийх боломж бололцоогоор нь хангаж байж дараа нь ногооруулах бодлого ярих ёстой.
Өнөөдөр манай солонгорсон эдийн засгийн бүтээгдэхүүнийг хэн худалдаж авч байгаа юм. Бид дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг гаргадаг мөртлөө эцсийн бүтээгдэхүүн нийлүүлтийн 0 хувийг гадагш гаргаж байна. Байгаа юм аа хийж чадахгүй байна. Тэгвэл ресторанд Аргентиний мах, Шинэ Зеландын махаар хоол хийж өгч байна. Манай нөгөө амттай мах хаана байна. Манай махыг, ноолуурыг авна гэсэн худалдан авагч хаана байгаа юм. Тэгвэл уул уурхай дээрээ дөрөөлж хөгжөөд монголын ноолуур, махыг авдаг болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд мөнгө хэрэгтэй.
-Эдийн засгийн чуулганыг тав дахь жилдээ хийж байна. Мэдээж энэ чуулганаар зөв зүйтэй санал санаачлага гардаг. Гэтэл амьдрал дээр хэрэгжсэн үр дүн хэр байдаг юм. Жишээ нь, өнгөрсөн олны форумаас ямар үр дүн гарсан юм бэ?
-Энэ чуулганаар гарах үр дүнг дүгнэхдээ нэг том шийдвэр гараад, би ийм юм хийчихлээ гэж цээжээ дэлдэн зарлахыг харахгүй. Бид бодлого шийдвэр гаргадаг хүмүүстэй нүүр тулаад үг хэлэх, тэр хүмүүсийн хэлж байгааг шүүмжлэх, хэвлэл мэдээллийнхэнд ил тод ярилцаж байгаа нь л үр дүн. Олддоггүй, боломжгүй ажил ихтэй хүмүүст хэлэх гэсэн үгээ хэлж, тэд ажлын өрөөнөөсөө өөр, их хурлын танхимаас өөр газарт ард иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх боломжийг олгож байна. Тэгвэл нийгэмд үүсээд байгаа хүлээлтийг жаахан жаахнаар хийг нь гаргаад явах юм. Тэгэхгүй бол тэсрэлт үүсээд ямар айхтар хүлээлт бухимдал буцалж байгаад яаж хурцддаг вэ гэдгийг бусад улсын туршлагаас харж болно. Тэр хийг гаргаад явах зорилгоор л энэ форум зохиогдож байна шүү дээ.
-Уул уурхайгаас өөр эдийн засгийг аврах гарц байгаа юу?
-Монгол улс 20 жилийн өмнө хамтын ажиллагааны системтэй байсан. Тэр үед экс архи худалдан авдаг, монголд үйлдвэрлэсэн арьс ширний бүтээгдэхүүнийг минь социалист улс орнууд хүчээр худалдан авдаг байсан. Өнөөдөр бодит хөрсөн дээр буусан үр дүнг харвал монгол малын мах, арьс, ноолуурыг гадныхан аваад явах зах зээл алга. Өнөөдөр биднээс хэн юу авч байгаа юм. Бид нар нэг зүйлийг тогтож анхаарах хэрэгтэй. Өнөөдөр бидэнд гадаад худалдаа хэрэгтэй юу, хэрэгтэй. Бид гадаад валютаар худалдан авалт хийж байна. Тэгэхээр ямар нэгэн юм худалдах хэрэгтэй. Бид манай мах Шинэ Зеландын махнаас амттай гэж мянга яриад тэр хүмүүс авахгүй бол үнэ хүндгүй. Өнөөдөр бид нар ноолуур махаараа өрсөлдье гэж бодвол тэр технологийг нь оруулж ирэх хэрэгтэй. Технологийг оруулж ирэхэд цаг хугацаа хэрэгтэй. Хоёрт, бидэнд мөнгө хэрэгтэй. Эрдэнэт монголчуудыг өнөөдрийг хүртэл авч явж байна. Оюутолгой хоёр дахь, МАК гурав дахь татвар төлөгч болоод байна. Муу хэлээд байдаг архи үйлдвэрлэгч маань дөрөв дэх татвар төлөгч болоод явж байна. Өнөөдөр бид саалийнхаа үнээн дээрээ дэвсээд дээрээс нь муулдаг. Тэгээд Сингапур мундаг том усан онгоц хийгээд контейнер зөөгөөд баяжсан ухаантай хүмүүс гээд хөөрөөд байдаг. Бид усан далайгүй байж түгээр яах гээд байгаа юм. Дэлхийн бүх улс орон уралдаад уралцаад хятадыг хамгийн том зах зээл гээд бараа бүтээгдэхүүнээ зарах гээд салбаруудаа нээж байна. Монголчуудыг Хятадуудад дургүй гээд та нар дундаа далай байхгүй юм чинь нүүрсээ ч зараад хэрэггүй гэдэг бодлого явагдаад байна.
Тэр бусад улсууд далайгаар бараагаа зөөж оруулж ирж байгаа бол бидэнд тусгаарласан далай ч байхгүй гэдэгт баярлах хэрэгтэй. Бид нар оросуудад сайн. Гэхдээ оросуудаа муулах гээгүй ч бодит байдлыг хараад үзье. Орос манайхааас авдаг бараа бүтээгдэхүүн нь ердөө хоёрхон хувь, манайх авдаг нь 34 хувь. Хятадуудыг бид муулаад байдаг, оросуудыг магтаад байдаг ч оросууд биднээс юу ч авдаггүй. Магтаад байдаг тарваганы арьс, ноолуур, махаа ав л даа. Гэтэл тэнцвэртэй 34, 36 хувийн худалдааг Хятадтай хийж байна. Хятадаас оруулж ирээд эргүүлээд тэр хэмжээний худалдааг хийж байна. Энэ асуудалд та бид сэтгэлийн хөдөлгөөнөөр биш, наанатай цаанатай хандах хэрэгтэй. Тооцоон дээр үндэслээд харилцаагаа тогтоох цаг ирсэн.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ