Профессор П.Очирбат байна

Эдийн засгийн форумд оролцогчид үг хэлэхдээ эхлээд нэр, албан тушаалаа хэлэхийг хөтлөгчид анхааруулж байлаа. Уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар оролцогчдын хэлэх үгийн салхийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хагалсан юм.
Тэрбээр “Гадаадын хөрөнгө оруулалтад Монголын Засгийн газар 34 хувиар олдгоо боль. Цэвэр гадаадын хөрөнгө оруулалтаар уул уурхайг явуулах нь зүйтэй. Эхний 50 жилд Монголын эдийн засаг уул уурхай дээр чиглэнэ. Үүнтэй холбоотой Оюутолгой, Тавантолгой, ураны төслийг өнөө маргаашгүй эхлүүл. Зэсийн баяжмалын үйлдвэрийг байгуул. Уул уурхайгаас олсон ашгаа хуримтлал бий болгоход зориул. Уул уурхайг хөгжүүлэхэд бидэнд юу саад болж байна гэдэг кино хий. Тэгвэл амьд сурталчилгаа болно” хэмээлээ.
Дараагийн оролцогч үг хэлэх болоход хуралдааныг хөтлөгч нэр усаа хэлэхийг анхааруулав. Үгээ хэлж дуусаад ширээндээ суусан анхны Ерөнхийлөгч микро руу гүйн очиж “Би нэг юм хэлэхээ мартаж, ШУТИС-ийн профессор П.Очирбат байна” хэмээн хошигнож, танхимын халуунд нозоорсон зарим оролцогчийн нойрыг сэргээж, уур амьсгалыг хөгжөөв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ