САЙН МЭДЭЭ: Мега төслүүд урагшилна

Ирэх даваа гаригт Тавантолгойн хэлэлцээрт гарын үсэг зурах таатай мэдээг холбогдох албаныхан дуулгаж байна. Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчтай хийх эцсийн шатны хэлэлцээр пүрэв гаригт эхэлж, гэрээг баталгаажуулахаар болжээ. Таван толгойн нүүрсний ордын хөрөнгө оруулагч болох “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл болон Монголын Засгийн газрын төлөөлөл гэрээнд гарын үсэг зурна. Тэд Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагаа, Концесс гэсэн гурван том гэрээг баталгаажуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлэх юм.
Энэ дашрамд дуулгах өөр нэг таатай мэдээ нь Оюутолгойн хөрөнгө оруулагч болон Монголын тал тохиролцож, далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээр амжилттай болж байгаа юм байна. Рио Тинто ХХК-ийн Ерөнхий захирал Сэм Уолш Монголд ирж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийж, харилцан ашигтай байх тохиролцоонд хүрсэн бололтой. Энэ талаар Ерөнхий сайд “Эдийн засгийн форум-2015”-ын нээлтэд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн билээ.
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ