Нэгдмэл байдалд хүрэхээр зүйлүүд яригдлаа

Төрийн ордонд хоёр өдөр “Монгол улсын эдийн засгийн чуулган-2015” амжилттай зохиогдсон билээ. Чуулганы төгсгөлд Монгол Улсын сайд М.Энхсайхантай уулзаж, цөөн асуултад хариулт авснаа хүргэж байна.
-Хоёр өдөр хуралдсан Эдийн засгийн чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засгийн чуулганыг зохион байгуулж буй үндсэн байгууллага нь Эдийн засгийн форум гэдэг Төрийн бус байгууллага байгаа. Дэмжин туслаж оролцож байгаа олон байгууллага байгаа. Энэ байгууллагын бидэнд танилцуулсан танилцуулгаас харахад Эдийн засгийн чуулган гэдэг нь юуны өмнө Монголчууд руу хандсан үйл ажиллагаа.
Монголчууд өөрсдөө дотроо явуулж буй эдийн засгийн бодлогын талаарх нэгдмэл ойлголттой болох бололцоог үүсгэхийн төлөө энэ чуулган зориулагддаг. Харин Бизнес Монголиа гэдэг юм уу чуулганууд бол хөрөнгө оруулагч, гадныхан руу хандсан гэж ойлгож байна. Ингэж төрөлжиж байгаа нь бараг зөв болов уу. Тэгэхээр бид энэ эдийн засгийн чуулганаас юуны өмнө Монголчууд бие биенээ ойлгох, дотроо нэгдмэл ойлголттой болно.
Тэр утгаараа энэ удаагийн чуулганыг би дээшээ ахисан, эдийн засгийн хүнд байдалд байгаа юм байна, хараагаа зөв тийшээ чиглүүлэх хэрэгтэй юм байна гэдэгт нэгдмэл байдалд хүрэхээр зүйлүүд яригдлаа гэж харж байна. Тийм учраас гарцаагүй үр дүнгээ өгнө гэж бодож байгаа.
-Чуулганд оролцогчид мега төслүүдээ явуулах хэрэгтэй гэсэн. Гэтэл манай улсад мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйг орчноос эхлээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байгаа гэж байна. Энэ талаар таны бодол?
-Манай улсад өмнө нь том төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлага байхгүй. Үнэндээ бол 1990 оныг хүртэл ЗХУ-аас, гаднаас шууд орж ирсэн туслалцаагаар үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдаж байсан. 1990 оноос хойш Оюутолгойг эс тооцвол том хэмжээний үйлдвэр аж ахуйн нэгж байгуулагдаагүй. Оюутолгой бол гадны хөрөнгө оруулагчид зах зээлийн мотивациар байгуулсан ажил.
Монголчууд өөрсдөө мега төслийн туршлага багатай учраас бидэнд алдаж байгаа зүйлүүд бий. Гэхдээ өөрсдийгөө голох хэрэггүй. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл гэвэл их олон чиглэлийн ажил байгаа. Ганцхан хууль тогтоомж, бодлого тогтвортой байх тухай ч биш ерөөсөө дэлхийн зэх зээлийг зөв ойлгодог, дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө яаж босгодог гэдэг аргыг сайн мэддэг, тэрэнд тааруулсан сайн төслүүдийг өөрсдөө боловсруулж чаддаг байх, тэрийг бэлдэж чаддаг боловсон хүчнүүдийг шат дараатай бэлтгэх, тэднийг өөрсдийг нь тогтвортой ажиллуулах зэрэг олон чухал асуудлуудыг шийдэх ёстой.
Бид мэдээж нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Гэхдээ урагшилж байгаа гэж хэлмээр байна.
-Тавантолгойн төсөл хэр явж байна вэ?
-Тавантолгойн төсөл ерөнхийдөө амжилттай байгаа. Ойрмогхон хугацаанд бид нар асуудлаа шийдээд Засгийн газрын хуралдаанд оруулья гэсэн бодолтой байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ