Андрес буруутай болох нь нотлогдов

Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A320” онгоцны хоёр дахь хар хайрцгийг ослын газар ажиллаж буй Францын шинжээчид олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар хайрцгийг Парист авчирч тайлахад онгоц осолдсон шалтгаан нь өмнөх хар хайрцагны бичлэгтэй таарч, “Airbus A320”-ийг санаатайгаар хоёрдугаар нисгэгч Андрес Любиц сүйрүүлсэн нь тогтоогдлоо гэж Германы “BILD” сонин мэдээлжээ.
Бичлэгт Андрес ахмадыг бүхээгнээс гарсны дараа “Энэ мөчийг ямар удаан хүлээв ээ” гэж хэлж буйгаар бичигджээ. Тэрээр жолоог автомат нислэг дээр тавиад, бүхээгний хаалгыг цоожилж, сандал эвсэл нэг зүйлээр хаалга дарж буй нь тод бичигдсэн байна. Герман, Францын тал болон “Airbus A320”-ийн эзэмшигч “Germanwings” компаниас “Онгоц техник болон цаг агаарын өөрчлөлтөөс осолдоогүй. Онгоцыг санаатайгаар хоёрдугаар нисгэгч Андрес Любиц осолдуулсан” гэж мэдэгджээ.
Андрес 2005 оноос эхлэн сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байсан нь нотлогдсон юм. Ослоор 143 зорчигч болон багийн долоон гишүүн амь үрэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ