Малчин өрхүүдэд тусламж хүргүүлжээ

Энэ сарын 01-03-ны өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун, Давст, Малчин, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан, Түргэн, Тэс, Улаангом, Хяргас суманд 1-16 см зузаан цас орсон.
Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлийн Сүүж, Сэртгэр, Тариалан сумын чиглэлийн Шарбүрд, Түргэн, Сагил сумын чиглэлийн Улаандаваа орчмын автозам, Наранбулаг сумын Хайстын шил орчмын улсын болон орон нутгийн чанартай автозам, даваа хаагдаад байсан. Өнөөдрийн байдлаар улсын болон орон нутгийн чанартай замыг нээжээ.
Наранбулаг сумын чиглэлийн Сүүж, Сэртгэр, Тариалан сумын чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж, нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Улаандаваа чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж, нээх ажлыг “Увс АЗЗА” ХХК гүйцэтгэсэн байна.
Цасан шуурга шуурч, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Наранбулаг, Малчин, Өлгий, Өмнөговь, Тариалан, Улаангом сумын отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, 300 боодол өвс, 200 уут мод бэлтгэж хүргэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар анги хамтран гүйцэтгэж байна.
Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн иргэн С, Т нар энэ сарын 03-ны өдрийн 05:00 цагийн орчим 1600 толгой малтайгаа цасан шуурганд уруудсан тухай мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад эдгээр иргэдийг мөн өдрийн 19:00 цагийн орчим Хужирт багийн “Сонгинотын хотгор” гэдэг газраас иргэд эсэн мэнд олсон.
Тус сумын Хужирт багийн 14 өрх айл, Алдар багийн 520 өрх айл цасанд боогдсон тухай мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газрын албан дээрх өрх айлд өвс, түлээний мод хүргэсэн байна.
Өмнөговь сумын Холбоо багийн 67 өрх айл, Өлгий сумын Чаргат багийн 7 өрх айл, Өгийнуур багийн 10 өрх айл, Хулст багийн 17 өрх айл цасанд боогдсон тухай мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид дээрх сумдын өрх айлд өвс, түлээний мод хүргэж өгөхөөр ажиллаж байгаа аж.
Тариалан сумын Мянгат багийн харьяат иргэн З /21 настай, эрэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нар 04 дүгээр сарын 03-ны өдрийн шөнө шуурганд малтайгаа уруудаж сураггүй болсон тухай дуудлагаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 40 иргэн, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон.
Түүнчлэн Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж нээсэн бөгөөд Өмнөговь, Өлгий сумын чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж байгаа юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ