750 орчим зорчигчтой, 140 тээврийн хэрэгсэл цасанд суужээ

ОБЕГ-аас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 03-04-ний өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар их цас орж, цасан шуурга шуурсны улмаас улсын болон орон нутгийн чанартай автозам, даваа хаасан байна. Одоогоор Улсын болон орон нутгийн чанартай хаагдсан бүх замыг нээжээ.
Их цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдан зам, даваа хаагдсаны улмаас Архангай, Дундговь, Өвөрхангай, Дундговь, Төв аймгийн нутагт 98 хүн төөрсөн, сураггүй болсон, малтайгаа шуурганд уруудсан тухай дуудлагаар Онцгой байдлын газар, орон нутгийн Засаг даргын Тамгын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 95 хүнийг эсэн мэнд, нэг хүнийг нас барсан байдалтай олсон байна.
Харин Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд-1, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд-1, нийт 2 иргэнийг эрэн, хайх ажлыг зохион байгуулж байгаа аж. Дээрх аймагт нийтдээ 750 орчим зорчигчтой, 140 тээврийн хэрэгсэл цасанд суусан, шатахуун дууссан, төөрсөн зэрэг дуудлагаар ажиллаж иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ