“Итгэлцэл” рүү ус цацаад хэрэггүй

Монголын эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулган Төрийн ордонд хоёр өдөр явагдаж өндөрлөлөө. Хөрөнгө оруулагчид нүүр бууруулж, валютын орох урсгал татарсан, эдийн засаг хүндэрсэн цаг үед энэ удаагийн чуулган явагдсанаараа онцлогтой. Тиймээс ч төр, засаг бизнесийнхний хоорондын хардлага, маргааныг тасалж, итгэх итгэлийг бэхжүүлэхийг зорьсон байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Зөвхөн нэг талаас бий болгосон итгэл хэзээ ч үр дүнд хүрдэггүйг бидний өнгөрсөн түүх, үйл явдлын өрнөл харуулж байна. Нэг талын итгэл хоёр талын итгэлцэл болж байж сая хамтын ажиллагааны хэлбэр тогтож, харилцан ашигтай хамтын үйл ажиллагаа болдог. Итгэлцэл өөрөө зөвхөн эдийн засгийн, бизнесийн төдийгүй бидний өдөр тутмын амьдралын бүхий л салбарт, улс төр, хууль, эрх зүйн орчин, нийгэм, гэр бүлд ч хичнээн чухал гэдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ” гэдгийг онцолсон юм.
Бизнесийнхэн төрөөс юу хүсэв
Чуулганаар макро эдийн засгийн өнөөгийн байдал, “алсын хараа” зэрэг үндсэн илтгэлээс гадна уул уурхай, хөрөнгө санхүү, зээлжих зэрэглэл, маргаан таслах, тэр байтугай хэвлэл мэдээллийн хариуцлага сэдвээр ч салбар хуралдаанаараа хэлэлцэн мэтгэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр бизнесмэн, баялаг бүтээгчид бухимдалтай байгаа нь харагдсан. Жил бүр эдийн засгийн чуулган зохион байгуулж, мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ч үр дүнгээ өгөхгүй байна, дараа жил нь дахиад л өмнөх сэдвээ хөндөж байна хэмээн бухимдах хэсэг байлаа. Тэд төр, засгийнхнаас үйл ажиллагаагаа явуулахад хөндлөнгөөс саад болохгүй, хүнд сурталгүй үйлчлэхийг шаардаж байв. МҮТАҮТ-ын захирал Д.Лхагважав “зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи эдийн засагт тулгарсан гурван удаагийн хямралыг баялаг бүтээгч нар авч гарсан юм. 1990 оны хүнд үеийг Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай удирдаж, чөлөөт худалдаанд оруулсан. Хувийн өмчтэй болох тэмүүлэл өгсөн. 1997 онд орон сууц, малыг хувьчилсан Азийн хямралыг авч гарсан. 2006 онд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа 4:10-ын бодлого баталж, татварын системийн өөрчлөлт хийн, Өршөөлийн, Ил тодын хууль баталсан нь 2009 оны хямралыг давж гарсан. Баялаг бүтээгчдэд ажиллах урам зоригийг өгсөн. Гэтэл УИХ өнөөдөр яагаад эдийн засгийн ил тод байдлын хууль баталж өгөхгүй байна вэ. Бид санхүүгийн реформоо хиймээр байна. Компаниуд нэг тайлантай болж, хөрөнгө оруулалтаа дахин хуваарилмаар байна. Эдийн засгийн өршөөлийн хуулийг яагаад батлахгүй байна вэ хэмээж байлаа. Гэхдээ татвараа төлсөн хэсэг нь хохироод, нуун далдсан хэсэг нь хождог хууль баталж болохгүй гэж зарим улстөрчид, эдийн засагчид үзэж байгаа юм.
Харин уул уурхайн салбарын эдийн засаг сэргэж, улс орон хөгжих суурь хундаам болно гэдгийг төр, хувийн хэвшлийнхэн аль аль хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулсан ч хуримтлал үүсгээгүй, байгалийн нөхөн сэргээлтийг орхигдуулсан нь “бодлогын алдаа” гэдэг дээр мөн толгой дохиж байсан. Тиймээс уул уурхайгаас олсон орлогоо ирээдүйн хуримтлал болгож, харин бусад салбараас олох орлогыг хүндээ зарцуулж, эдийн засгаа солонгоруулах бодлого барья гэдэг дээр оролцогчид санал нэгдэж байсан юм. Нөгөөтэйгүүр аж үйлдвэрийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлж, байнгын орлогыг бүрдүүлэх эх үүсвэр болно гэдгийг чуулганд оролцогсод хэлэлцэн мэтгэлцсэн. Манай улс анх удаа Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэсэн. Энэ хэлэлцээр хэрэгжсэнээр импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх суурь тавигдана гэж үзэж байгаа юм. Зөвхөн Японд бус тус улсаар дамжин түнш орнуудад нь бүтээгдэхүүнээ экспортлох томоохон боломж нээгдсэнийг чуулганд оролцогчид баяртайгаар хүлээн зөвшөөрч байсан.
“Бид бар улс руу явж байна”
Тиймээс ч ирээдүйдээ “алсын хараа”-тай амьдрахаар үндсэн хэлэлцүүлэг өрнүүллээ. Алсын хараа гэдэг бол эдийн засгийн тооцоо судалгаа, хүрэх зорилтоо тодорхой тавьж байж биелэгддэг зүйл гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тодорхойлов. Аливаа бизнесийг хэрэгжүүлэхэд лидер хүний манлайлал төгс төгөлдөр амжилтын 50 хувь байдаг. Ерөнхий сайд С.Баярын үед “Атар-III” аян, “Оюутолгой” гээд томоохон хөтөлбөрийг дэвшүүлэн, зоригтойгоор эхлүүлсэн. Тийм учраас би “Том төрөөс ухаалаг төр рүү” зорилт манайд бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байна. Ерөнхийлөгч дэвшүүлсэн зорилтынхоо төлөө явбал амьдралд хэрэгжинэ” гэж байр сууриа илэрхийлсэн.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Эдийн форумын оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Чуулганаар “Алсын хараа” сэдвийг хэлэлцэх үед тэрбээр “ итгэлцэл, хариуцлагыг бий болгох хэрэгтэйг чухалчлаад “Би хар дарж зүүдлээд “бар улс болно” гэсэн юм биш. Хаашаа явахаа мэддэггүй улс хаа ч хүрдэггүй гэдэг хүн төрөлхтөний түүхээр нотлогдсон үнэнийг бодож, “Бид Азийн нэгэн бар болох юм байна. Хүн төрөлхтний хөгжлийн түүх тийм юм гэж бодож, 30 жилийн өмнө хэлсэн юм. Өнөөдөр бидний ярьж байгаа зураглалууд Монгол бар тийшээ явж байгаа процесс. Түүнээс биш нэг өдөр “Монгол бар болно” гэж хэлэхээр маргааш нь биелчихдэг юм гэж байхгүй. Үүндээ итгэлтэй тууштай явах хэрэгтэй. Өнөөдөр бэлчээр нь малаа, зам нь машинаа даахаа байж. Гар утсыг ч 2-3-аар нь барьж, өвөр түрийд багтахаа болиод байна. Хөдөөний малчин хүн бэлчээр дээрээсээ гар утсаараа Франц, Москва, Берлин гээд бар орнууд руу шууд холбогдон харилцаж байгаа. Энэ чинь барын элемент, бид чамлаж болохгүй чанга атган улам эхийг бүтээх хэрэгтэй” хэмээж байлаа.
Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа “Монголоо Азийн бар улс болгоно” гэж хэлж байсан. Гэвч тухайн цаг үед баар, цэнгээний газар олширч, бар биш баар улс болгосон” хэмээн нийгмийн шүүмжлэлд өртөж байсан түүхтэй. Тиймээс ч өнөөдөр олон жилийн өмнөх хэлсэн үгээ батгахыг зорьсон биз ээ. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам “бар улс”-ын эсрэг байр суурь илэрхийлсэн. Тэрбээр нийтлэлч Д.Цэнддоогийн “Тоглоомын улсаас” тоглоомон улс руу” нийтлэлийг сайшаагаад тоглоомон улсын тоглоомон дарга нарын амрыг ирэн мэндчлээд алсын харааг ярихын өмнө ойрын хараанаасаа эхэлж, УИХ хүнийг өмөөрсөн, баялаг бүтээгчдээ дэмжиж хайрлах хэрэгтэйг чухалчилсан. Тэр дундаа АТГ-ыг зөв голдрилд нь оруулахыг шаардаж байлаа. Айлын гэр рүү, авгай хүүхэд рүү нь орох эрх хэнд ч байхгүй, хүний өөрийнгүй дайрч, сүрдүүлж байгааг шүүмжилсэн юм.
Энэ оноос ирэх оны мөн үе хүртэл манай улсын эдийн засгийн зураглал ямар байх нь вэ? Итгэлцэл төр засаг, бизнесийн салбар, айл өрхөд хэр нөлөөлж вэ гэдгийг дараа жил энэ өдөр дүгнэх биз ээ.
Ямартай ч шинэ төмөр замын бүтээн байгуулалт, V цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Шивээ овоо, Тавантолгойн цахилгаан станцуудын хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэрүүд, хурдны замууд, шинэ хороолол, орон сууцны барилга, бусад бүтээн байгуулалтууд араасаа олон олон шинэ хөрөнгө оруулагчдыг татна гэдгийг Ерөнхий сайд онцолж байсан.
Тэр дундаа Оюутолгойн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, Тавантолгойн консорциумтай хийж байгаа хэлэлцээрийг үзэглэх шатандаа орж, эдийн засгийн хүндрэлээс гарах гарц нээгдлээ. Энэ гарц гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд итгэх итгэлийг дахин бий болгох биз. Харин одоо хэн хэнийхээ итгэлцэл дээр ус цацахгүй, сүү өргөж л өөдлөх юм шүү.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ