Тавантолгойн гэрээ хийсэн сайд нарыг огцруулна

Хаврын чуулган өнөөдөр 11.40 цагт нээлтээ хийлээ. Чуулганы нээлтээс хоёр гишүүн чөлөө авч 74 гишүүн оролцох ёстойг спикер мэдэгдлээ. Чуулганы нээлтэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Г.Уянга нар монгол дээлээр гоёсон бол эрэгтэй гишүүд пиджак хослолоор гангарсан байлаа. Хаврын чуулганы гишүүдийн 88.2 хувийн ирцтэйгээр нээгдлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр:
-Чуулганы завсарлагааны хугацаанд та бид сонгогчид, иргэдтэй уулзан, хаврын чуулганаар хэлэлцэх төслийн талаар санал солилцлоо. Миний бие Өмнөговь, Булган аймгуудад ажиллалаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зүүн сумын усан хангамжийн асуудлыг шийднэ гэж тусгасны дагуу НҮБ-ын хөтөлбөөр усан хангамжийн асуудал шийдэгдэж байна. Өмнийн говьд дэлхийн хамгийн том үйлдвэр байгуулагдан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахин илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарч байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт эдийнй засгийн өсөлтөд муугаар нөлөөлж байгаа хэдий ч бусад салбарын бүтээгдэхүүн, экспорт өссөн байна. Хүнд, хөнгөн аж үйлдвэрээ хөгжүүлэхийг биднээс шаардаж байна. Парламентад суудалтай намууд хамтарч Засгийн газраа байгуулсан ч, шийдвэрээ шуурхайлахыг иргэд бидэнд анхааруулж байна. Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар зах зээлээ гуравдагч орнуудад гаргах боломж нээгдлээ. Түүхий эдийн тогтвортой хангамж бидэнд байна. Тиймээс Герман, Япон улсын техник, технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй байна.
Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэг жил орчмын хугацаа үлдлээ. Хаврын чуулганаар Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Улс төрийн намуудын тухай, Монгол Улсын урт хугацааны бодлогын хөгжлийн тухай, Сонгуулийн тухай зэрэг улс төрийн ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэнэ.
Сүүлийн үед төрийн албан хаагчдыг олноор нь халж байгаа талаар гомдол ирж сэтгэл эмзэглүүлж байна. Төрийн албан хаагчдыг олноор нь цомхотгоё гэж бид хамтраагүй.
Тавантолгойн ордыг улсын нөөцөөр хайгуулыг хийсэн. Гэтэл өнөөдөр хийх хэлэлцээ 2012 оны УИХ-ын 39 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг зөрчиж байна. Гэрээг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамааралтай болох харагдаж байна. Нэг улсын хөрөнгө оруулалт ДНБ-ий 3/1ээс ихгүй байхаар заасан хуулийн заалтыг зөрчиж байна. Яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр яаран гэрэээ хийхээр хууль зөрчиж байна вэ.
Одоо яригдаж байгаа Тавантолгойн төсөлд Монгол Улсын Засгийн газрын нөхцөл хугацаатай бол нөгөө талынх хугацаагүй, хариуцлага хүлээхээргүй байна.
Иргэдийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тохиролцоогүй, нэмэлт хайгуул хийгээд хөрөнгө оруулалт хийх нь тодорхойгүй байна. Ноцтой үр дагавартай гэрээ хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй. Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй. Хэрвээ УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гэрээ хэлэлцээ хийсэн сайд дарга нарыг огцруулах болно.
Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа шийдвэрлэнэ гэж итгэж байна. Бидэнд цаг хугацаа маш бага үлдэж байна. Та бүхэнд амжилт хүсээд хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье хэмээлээ.
Ийнхүү хаврын чуулган нээлтээ хийлээ.
Одоо УИХ дахь нам эвслийн бүлэг хуралдах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ