Барилгын улирал эхэллээ
Барилгын улирал эхэллээ. Бас сэрэмжлэх, урьдчилан сэргийлэх цаг.
Жил бүрийн энэ цагуудаар барилгын осол гарч, үүнийг дуулсан бид барилгын ажлыг гүйцэтгэгчид, мэргэжлийн хяналтыг “муулаад” өнгөрдөг. 2011-2014 онд зөвхөн өндрөөс унаж хүний амь нас хохирсон 56 осол гарсан байна. Үүнээс лифтний нүхээр унасан 15, ажлын шатнаас унасан 1, эд материал унасан 25, люлки, подьём унасан 12, өөрөө өргөгч шат унасан 10 осол гарсан тоо баримт байна.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө барилгын ажил эхлүүлэх бэлтгэл хийж байгаад хоёр хүн гэмтжээ. Уг барилгуудын үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар түр зогсоосон байна. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас ажилчин нь бэртсэн ХУД-т баригдаж байгаа “Дельта констракшн” компанийн барилга “Буянт-Ухаа-2”, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд баригдаж байгаа иргэн К.Пүрэвийн “ЭМ ЭС Бюлд” компанийн гүйцэтгэж байгаа барилгын үйл ажиллагаа зогсчээ. Энэ мэтчилэн зөрчилтэй есөн барилгын үйл ажиллгааг түр түдгэлзүүлсэн байна.
Энэ “осолтой” салбарт МХЕГ-аас урьд жилүүдийнхээс өөрөөр анхаарч эхэллээ. МХЕГ-аас “Хүний төлөө зөв тус” сарын аяныг зохион байгуулж, нийслэлд баригдаж байгаа 572 барилгын үйл ажиллагааг нарийвчлан шалгаж байгаагаа өнөөдөр мэдээлсэн.
Барилгын компаниуд ажлаа эхлэхэд бэлэн эсэхийг шалгаж, хүнийг хамгаалах чиглэлээр түлхүү ажиллажээ. Тус газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Барилгын ослын ихэнх нь урьдчилан сэргийлээгүйгээс болж гарч байгаа. Өнгөрсөн сард хөдөлмөрийн аюулгүй байдлаас гадна техникийн аюулгүй байдал, барилгын угсралтын үед материалын чанар хэр байна гэх зэргээр хяналт тавилаа. Тэгээд зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоож, цахилгааны шитийг нь лацдаж, сарын сүүлээр зөрчлөө арилгасан эсэхэд хяналт тавьж байна. Барилгын осол хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн хүчин зүйлээс шалтгаалдаг ч 60 хувь нь удирдлага зохион байгуулалттай холбоотой” гэж ярьсан.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах гол үндэс суурь болсон санхүүгийн эх үүсвэрийг хаанаас хэрхэн шийдэх, аль талдаа гацаад байна гэдэг талаар хяналт тавьж байгаа нь барилгын осол буурахад эерэг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагчид онцлов.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ