Жимсэнд ДОХ-той цус шахсан байх боломжгүй

Фэйсбүүк хуудсаар сүүлийн өдрүүдэд “ДОХ-ын халдвартай цус шахсан жимс орж ирсэн байна. Болгоомжил” гэсэн жүрж жимсийн зураг тархаж, фэйсбүүкийн хэрэглэгч бүр “Анхаар, болгоомжил, сэрэмжил” гэх зэргээр өөрийн нүүр хуудаснаа хуулж, олонд түгээж байна.
Гэхдээ олонх нь өөрийнх нь бусадтай хуваалцаж буй мэдээлэл, жимсний зургийг хэн анх фэйсбүүк хуудаснаа оруулсан, хэнд ийм зүйл тохиолдсныг мэдэхгүй нь хачирхалтай.
Энэ тухай МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Т.Балжиннямаас тодруулав. Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллага аливаа асуудалд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Төлөвлөгөөт бус шалгалт хийхийн тулд иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн дагуу удирдамж гарган шалгалтаа явуулдаг. Одоогоор энэхүү зураг дээр байгаа жимсийг шалгуулах гэсэн өргөдөл, гомдол ирээгүй байна. Гэхдээ бид өөрийн чинь ярьсан мэдээллийг харсан. Хэзээ, хаанаас авсан ямар жимснээс илэрсэн гэдэг нь тодорхойгүй, нэг апельсин жимсний зурагтай сэрэмжлүүлэг байсан. Хэрэв энэ жимсийг авч ирээд, шалгуулах хүсэлт тавьбал манай байгууллага шалгаад ямар учиртайг тогтоох боломжтой” гэж ярилаа.
Энэхүү зургийг харахад жимсний өвчин, өт хорхой, шавьжны нөлөө, гадны нөлөөтэйгээр буюу хадгалалт тээвэрлэлтийн явцад муудсан байж болзошгүй. Эсвэл тухайн жимсний сортоос шалгаалсан байж болно гэдэг тайлбарыг өгсөн.
Харин ДОХ-ын халдвартай цусыг жимсэнд шахаж болох эсэхийг мэдэхээр Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй холбогдлоо. Тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан “ДОХ-ын халдвар хоол хүнсээр дамждаггүй. Ийм зүйл байх боломжгүй” гэв.
Мэргэжлийн эх сурвалжууд ийм мэдээлэл өглөө. Иймд фэйсбүүк болон бусад олон нийтийн сүлжээ хэрэглэгчид аливаа мэдээллийн эх сурвалж, үнэн бодит эсэхийг баталгаажуулаагүй байж бусдад тарааж, түгээхгүй байх нь зүйтэй болов уу.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ