Кени хариугаа авч эхэллээ

Кенийн Гарисса хотын их сургуульд хэт даврагчид халдлага үйлдэж, 148 хүний аминд хүрсэн билээ. Энэхүү халдлагыг “Аль Шабаб” бүлэглэл үйлдснээ хүлээн зөвшөөрч, Кенид эрхээ тогтоохыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. Халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кениата орон даяар гурван өдрийн гашуудал зарласан юм. Ерөнхийлөгч өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэрээ “Эх орныг минь айдаст автуулж, олон хүний аминд хүрсэн “Аль Шабаб” бүлэглэлд зохих ёсны хариуг нь барих болно. Кени тус бүлэглэлийн эсрэг нэгдэж байна” гэж хэлжээ. “Аль Шабаб” бүлэглэл Кенийн нийслэл Сомали улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг юм.
Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа Кенийн нисэх хүчин хоёр улсын хил дээр байрлах “Аль Шабаб” бүлэглэлийн хуаран руу 70 гаруй удаа цохилт өгсөн байна. Энэхүү гэнэтийн дайралтын дараа тус бүлэглэлийн тэргүүн Мухаммед Мохамуд “Бид дайныг хүсээгүй. Та бүхэн дайн хүсч байна” гэж хэлжээ. Энэхүү мэдэгдлийн дараа хэт даврагчид дараалласан халдлага үйлдэж, 40 гаруй хүний амийг хөнөөжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ