АН фракцгүй болж буйгаа мэдэгдэв

Өнөөдөр Ардчилсан хувьсгал, Ардчилсан намын 25 жилийн ойн баяр тохиож байна. Ойн хүрээнд Соёлын төв өргөөнд баярын хүндэтгэлийн хурал болж, Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд илтгэл тавьсан юм.
Тэрбээр илтгэлдээ “Ардчилсан нам улс төрийн намуудад сонгуульд оролцохдоо популист амлалтаар бус тухайн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх арга ухаанаар өрсөлдөхийг уриалж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд ойрын хугацаанд урт хугацааны хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулахын төлөө байна. АН хот, хөдөөгийн ялгааг бодитой арилгахын тулд хөдөөгийн асуудлыг хотоос ярьж, шийддэгээ больж бодит хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангаар дамжуулан өөрсдийнх нь мэдэлд өгдөг болсон. Энэ бол хөгжлийн зөв гарц” хэмээн тодорхойлов.
Мөн энэ үеэр ард түмэн улс орноо хөгжүүлэхийн тулд намын гишүүд эвлэж нэгдэхийг хүсэж байгаагаа илэрхийлээд, Ардчилсан нам “фракцгүй” болж байгааг албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Энэхүү хүсэлтийг биелүүлэх нь Ардчилсан намын удирдлага, УИХ дахь АН-ын бүлэг, бүх шатны намын байгууллагын үүрэг гэж бид үзэж байна. Ийм учраас өнөөдрөөс эхлэн “фракцгүй” Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдье. Өнөөдрөөс эхлэн фракцгүй Ардчилсан намыг манай нам доторхи фракцын удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол Улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракц”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай, чавдартай хэнийг ч болов намын, хэсэг бүлгийн, фракцын эрх ашгаас дээгүүр үнэлэхийг манай намын төдийгүй Монгол төрийн эрх ашиг шаардаж байна. Монгол төрийн алба нь нам, улс төрөөр талцсан хийрхэлээс гарах эхлэлийг Ардчилсан нам эхлүүлж байна.
Монгол орны улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг Ардчилсан нам манлайлж ирсэн, цаашид ч манлайлах болно. Улс төрийн намууд төлөвшихийн хэрээр улс орон тогтвортой хөгждөгийг дэлхийн хөгжилтэй улс орнуудын түүх нотолж байна. Ардчилсан нам төлөвших нь Монгол Улсын түүхэн захиалга. Төлөвшсөн Ардчилсан нам л Монгол Улсаа хөгжүүлж чадна. “Фракцгүй” Ардчилсан нам болж байгаа нь Монгол Улсын улс төрийн намуудын төлөвшилд оруулж байгаа Ардчилсан намын манлайлал юм” гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ