Хэнд ч өмчлөгдөхгүй 25 жил

Хэнд ч өмчлөгдөхгүй 25 жил
Намын даргаар ажиллаж явсан, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ойн баярын сэтгэгдлээ жиргээгээр хүргэсэн бол СТӨ –нд баярын хурал нь болж байна. Хонхны дуутай хатуу өвлийн дурсамжаар ардчиллын төлөө тэмцэгчдийн туулсан хэцүү бэрхийг хэмжихгүй нь тодорхой.
Сонгуульд ялсан, ялагдсан замналаар нь ч ардчилал хэр бэхжсэнийг хэмжихгүй. Хүмүүсийн ухамсарт ардчиллын үнэ цэнийг анх суулгасан шигээ хэр бэхжүүлж ирсэн бэ гэдэг асуултад хариулт өгч чадах 25 жилийг бид хамтдаа өнгөрүүлжээ. Хойшоо урагшаа чөлөөтэй зорчдог болсныг, хонио шөлөнд шилээд идчихдэг мэдэлтэй болсныг, орон сууцаа үнэгүй хувьчлаад авсныг ардчиллын ач буян гэж хэмжиж ярьдаг цаг үе алсарсан байх. Үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөө, сонгох сонгогдох эрхээ эдэлж төр барилцах эрхээ бид үндсэн хуулиар баталгаажуулж чадсан нь ардчиллын түүхэн гэж болох гавьяа.
Харийн гүрний хавсарга дагуул улсын нийгмийн ухамсрыг өөрчилж өрсөлдөөнт нийгэмд амьдрахад иргэдээ дасгах цаг шаардсан хүнд ажлыг энэ 25 жилд үндсэнд нь нугалсан.
Н.Алтанхуяг даргын хэлснээр “Ардчилал бидэнд юу өгөв, бид юун дээр алдав, бид юуг засаж залруулан цааш үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт өнөөдөр хариултаа нэхсээр байгаа “ гэсэн нь яг үнэн.
Сүүнд өгдөг 300 төгрөгөө сонин авахад өгдөг болсон мэдээлийн том орон зайг ардчилал бий болгосон. Араас нь хэвлэлийн эрх чөлөөгөө боомилох явцуурал ч явагдсан. Шудрага ёс тогтоох замд шудрага ёс алдагдах суурь хөрс, тогтолцооны буруу жишиг зэрэг тавигдсан. Ардчилалынхан ялж төрийн эрх барьсан тоо гурван хуруунд багтах ч үлдээсэн дуулиан шуугиан чамлахааргүй.
Сонгуульд эвсэн олонх болсны дараах 1996-2000 онуудад Засгийн газраа дөрвөнтөө самарч ялалтын тугаа тахиж байлаа. Ордондоо архидаж, зурагтаар согтуу мэдэгдэл хийж “сум” нум зэрэг хоч авцгааж ард түмэндээ эрхэлж явсан нялх “Сэнгүм”- ийн үе ардчилынханд байсан. Энэ үед тэд балчир байсан гэж одоо хэлдэг. Харин өнөөдөр хорьж болдоггүй хорин насаа ардаа үлдээсэн тэд тогтож хэрсүүжсэн 25 насандаа дахин төр барьж олны итгэлийг үүрч явна. .
Бүхэл нэгэн үе буюу 16 жилийн дараа төрийн эрх бариулахаар өгсөн итгэлийг нь ямар зүтгэлээр хэр дааж яваа тухай үнэлгээг ард түмэн өгөөд эхэлсэн байгаа. Ирэх сонгуулиар дүнгээ тавина.
Хойшоо урагшаа чөлөөтэй зорчдог болсныг, хонио шөлөнд шилээд идчихдэг мэдэлтэй болсныг, орон сууцаа үнэгүй хувьчлаад авсныг ардчиллын ач буян гэж хэмжиж ярьдаг цаг үе алсарсан байх.
25 нас хүрч нас ухаан тэгширсэн ардчилагчид маань баярын хурал дээрээ нудрага зөрүүлж л байна гэнэ. Нөгөө нам шигээ хатуу хайрцагласан дотоод дэгтэй биш бүлэг жигүүр фракцаар өдөлж нисэх тул энэ нь Ардчилсан намын хувьд хэвийн үзэгдэл гэж тайлбарлах л байх. Гэр дотроо тогоогоо хагална уу, амаа тосдоцгооно уу, хамаа алга . Тэр айлын хэрэг.
Төлөөллийн ардчилалыг илүүд үзэж сонголтоо хийсэн иргэдийн хувьд АН-ын энэ ил цагаан заамдалцаан тийм ч ардчилалтай жишээ биш болов уу. Ойгоо хийгээд зодолдоод тарах бол нэг сумын наадамд бол байдаг л дүр зураг. Эрх барьж байгаа намын эв нэгдэл ёс зүй гэдэг өнөө Монголын төрийн тогтвортой байдлын зураглал болж буух талтай
Хөдсөн дээлтэй монголчуудыг нийгмийн дэвшилд хөтөлсөн гавьяаг МАН /МАХН/ өмчилдөг бол хараат, хаалттай Монголыг дэлхийд таниулж гадаад ертөнцтэй гар бариулсан гавьяаг АН өмчилдөг. Өмчтэй эд баялагтай, эрх чөлөөтэй байх эрхийг иргэдийнхээ гарт хуульчлан өгсөн 25 жилийн ойн баярыг иргэд хуваалцаж хундаганы үг хэлж суугаа байх. Ардчилал хэн нэг хэсэг бүлгийн өмч биш Монголын бүх ард түмний эв нэгдэл, эрхэм зорилгоор биеллээ олсон үнэт зүйл
Олны төлөө олбог суудлаа өгч “ огцроё” гэж дуу нэгтэй хэлж чадсан буурал улс төрчид ч энэ баярыг хуваалцах ёстой. Бурхан болсных нь үр хүүхэд хань нөхөд нь ардчиллыг хамт түүчээлсэн аав өвөө, анд нөхрөөрөө бахархах учиртай.
Наанаа нанчилдаантай ч цаанаа эвийн сануулгатай Ардчиллын 25 жилийн баяр ид дундаа байна.
Ардчиллын цучилыг бөхөөчилгүй үлээж өгч дэмжсэн бүх хүнд Ардчиллын баярын мэндийг дур мэдэн хуваалцья даа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ