Нотариатчийн мэргэшил, ур чадварыг үнэлнэ

Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд нотариат хамаардаг.
Энэ хүрээнд Хууль зүйн сайд Нотариатын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нотариатчдыг чадавхижуулах, давтан сургах ажлыг 2015 оны 4 дүгээр сард багтаан зохион байгуулахаар төлөвлөж нийт нотариатчдын үйл ажиллагаа, мэргэшлийн ур чадварт дүгнэлт гаргахаар шийдвэрлэжээ. Энэ талаарх мэдээллийг ТЗУГ-ын дарга Э.Зоригт, БХЗГ-ын мэргэжилтэн А.Энхмаа, Мэргэшлийн хорооны тэргүүн А.Оюунчимэг нар өнөөдөр сэтгүүлчдэд өгөв.
Энэ удаагийн шалгалт нь нотариатчдын мэргэшлийн үйл ажиллагаа явуулах эрх зэрэгт халдахгүй, зөвхөн тэдний ур чадварын түвшинг тогтоож улмаар чадавхижуулах арга хэмжээг цаашид хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг тогтоохын тулд урьдчилан явуулж буй ажил юм байна.
Дүгнэлт гаргах шалгалт явуулах ажлыг тус яам, Нотариатчийн мэргэшлийн хороо хамтран зохион байгуулах аж. Өнөөдрийн байдлаар манай улсад 238 нотариатч үйл ажиллагаагаа явуулж буй. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 213 дугаар тушаалаар улсын хэмжээнд нийт 30 тойрог, 336 орон тоог баталсан байдаг гэж мэдээлэв.
Анх 2012 онд нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахаар шалгалт зохион байгуулж уг шалгалтад 250 нотариатч хамрагдаж байжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ