Цуурхагчдыг цуургалъя

“Тэгсэн” гэх баталгаагүй, “тийм” гэх үнэнгүй “хачирхалтай” мэдээллүүд сүүлийн өдрүүдэд уншсан, сонссон олныг ялангуяа охид, эмэгтэйчүүдийг багагүй түгшээв.
Өнгөрөгч амралтын өдөр фэйсбүүк хуудсаар цацагдсан “Оройн цагаар гэртээ харих гэж явсан эмэгтэйн биед үл таних этгээд тариа хийсний улмаас 26 настай бүсгүй нас барлаа” гэх мэдээлэл. Үүнийг уншсан эмэгтэйчүүдийн олонход нь түгшүүр төрсөн гэхэд хилсдэхгүй болов уу. Фэйсбүүкийн хэрэглэгч охид, бүсгүйчүүд “Болгоомжил, сэрэмжил” гэж бичээд бусадтай хуваалцаж байсан.
Харин энэхүү үйлдэлд хууль сахиулагчид анхаарал хандуулж, цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг тараасан Э гэгчийг шалгахад өөрийнх нь бичсэн мэдээлэл худал гэдгийг хэлсэн. Гэхдээ ямар зорилгоор ийм мэдээлэл тараах болсныг үргэлжлүүлэн шалгаж буй. Өнгөрсөн жилийн яг өдийд ийм мэдээлэл гарч, холбогдох байгууллагынхан шалган “худал” гэж тогтоож байсныг сануулъя.
Харин энэхүү үйлдэлд хууль сахиулагчид анхаарал хандуулж, цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг тараасан Э гэгчийг шалгахад өөрийнх нь бичсэн мэдээлэл худал гэдгийг хэлсэн. Гэхдээ ямар зорилгоор ийм мэдээлэл тараах болсныг үргэлжлүүлэн шалгаж буй. Өнгөрсөн жилийн яг өдийд ийм мэдээлэл гарч, холбогдох байгууллагынхан шалган “худал” гэж тогтоож байсныг сануулъя.
Мөн өнгөрөгч онд “Хар машинтай хүмүүс хүүхэд хулгайлаад байна”, “Хятад иргэд хоёр монгол охиныг хөнөөгөөд цөөрөмд булчихжээ” гэсэн худал цуурхлыг фэйсбүүк хуудсаар тарааж, нөгөөх нь “хуурай өвсөнд түймэр асах” мэт хурдан тархаж олны нүд, чихэнд хүрсэн. Гэхдээ азаар худал мэдээлэл байсан.
Ингээд ч зогсохгүй хоёрхон хоногийн өмнө фэйсбүүкчид “ДОХ-ын халдвартай цус шахсан жимс орж иржээ” гэж биесээ айлгав. “Ийм юм байх боломжгүй” гэсэн нэгийгээ “Тэгвэл чи идээд үзэхгүй юу” гэж тавласан нь ч харагдсан. Хамгийн гол нь тэр жимс нь хаанаас хаана ирсэн, ийм явдал хэзээ хэнд тохиолдсон нь тодорхойгүй, харсан хүн бүр түгээсээр анх фэйсбүүкт оруулсан эзнийг нь олоход ч бэрх болсон байв. Аль, аль талын мэргэжлийн эх сурвалжуудаас тодруулахад “Ийм зүйл байх боломжгүй” гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр бас л худал мэдээлэл өөрөөр хэлбэл цуурхал байсан гэсэн үг.
Фэйсбүүк бол хүссэн хүн бүр хэрэглэж болохоор нас, хүйс, мэргэжил, боловсрол харгалзахгүй дэлхийн хэн бүхэн буй том орчин. Зөвхөн манай улсын иргэдийн 35 орчим хувь нь энэхүү цахим хуудсын хэрэглэгч гэсэн судалгаа байдаг.
Хязгаар, хяналт багатай энэ орон зайд санаатайгаар болон санамсаргүйгээр олны ам дамжсан хов жив, цуу яриаг өөрт тохиолдсон мэтээр худал мэдээлэх сонирхолтой хүн олширчээ. Үүний ард аливаа мэдээллийн үнэн мөнийг нягтлах хугацаа хомс секунд, хором тутамд элдэв янзын мэдээллээр “бөмбөгдүүлж” буй хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож, өөрийн мэдээллийг олон хүнд таалагдах /Like/, нийтэд түгээх /Share/ гэсэн ядмагхан санаа нуугдаж байж болох. Хэн нэгний өчүүхэн санаа агуулж тараасан цуурхлын балгаар олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.
Одоогийн байдлаар хуудал цуурагчийг шалгаад захиргааны хариуцлага хүлээлгэж торгууль ногдуулах эсвэл баривчлах шийтгэл хүлээлгэж байна. Харин худал мэдээллийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль үйлчилж байгаа. Иймээс санаатай эсвэл санамсаргүйгээр худал мэдээлэл тарааж, хүний сэтгэл санаагаар “наадах” цуурхагчдад хүлээлгэх хариуцлагыг жаахан чангатгаж, тэдний үгийг “оньслоход” буруудахгүй мэт санагдана.
Танд гэж хэлэхэд, өөрийн чинь олон түгээхээр зэхсэн мэдээлэл гэмт хэргийн шинжтэй бол олон нийтийн цахим хуудсанд дэлгэх бус цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зүйд нийцнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх хуулиар баталгаажсан. Гэхдээ хэлж буй үг, илэрхийлж буй санаа үнэн бодитод нийцвэл өөрт болоод өрөөлд тустай гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ