Ц.Оюунбаатар: Эдийн засгийн чуулган Монголын хөгжлийн “чөдөр”-ийг олж харсангүй

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг урилаа.
-УИХ-ын хаврын чуулган эхэлсэн ч саяхан болсон “Эдийн засгийн форум”-ын сэдвүүдээр “амьсгалж” байна. Энэ хурлаар Монголын эдийн засгийн бодит байдлыг ил тод гаргаж тавьж чадсан уу. Та ямар дүгнэлт хийж байна?
-Гадаадад томилолттой байсан тул эдийн засгийн форумын эхний өдрийн хуралдаанд сууж амжсангүй. Дараагийнх нь өдөр оролцсон. Форумын уур амьсгалыг ажиглахад Монголын нийгэмд дэвшилттэй, үүсээд буй хүнд нөхцлөөс гарах арга зам, гарцыг эрэлхийлсэн олон санал, санаачлагыг ярьсан чуулган болсон. Тиймээс эерэг талаас нь харах, дэмжих хүсэл эрмэлзлээр оролцлоо. Гэхдээ мэдээллийн сувгуудаар чуулганаа бүхий л талаар магтаж, тэр хурлыг л хийчихвэл Монгол жигтэйхэн сайхан болчих юм шиг, эдийн засгийн форум хийснээр эдийн засгийн хүндрэл бэрхшээл,ядуурал, ажилгүйдэл, хөрөнгө оруулалтын хомсдлыг шийдчих юм шиг нэг талыг барьсан дуулиан шуугиан явуулж байгаад сэтгэл дундуур байна. Бодит байдалд дүн шинжилгээ хийсэнгүй. Гуравхан сая хүн амтай, асар өргөн уудам нутагтай, 50 сая толгой малтай, газрын доор ч, дээр нь ч ихээхэн баялагтай улс орон ингэж ядууралд орж элгээрээ хэвтэж, эдийн засаг нь хямарсанд өнгөрсөн 25 жил явж ирсэн зам, тэр хэцүү болгосон бүх зүйлдээ дүн шинжилгээ хийж чадсангүй. Монголын өнөөгийн байдал зөвхөн уул уурхайдаа түшиглэж, энэ чиглэлийг барьж үйл ажиллагаа явуулж ирснээрээ алдаатай. Хоёрт, уул уурхайн баялгийн үнэ дэлхийн зах зээлд өсч бас буурсан ч гэлээ Монголын эдийн засаг ингэтлээ хямарч, энэ 25 жилийн хугацаанд авчрах ёстой байсан хөгжлийг алдсан шалтгаан нь хоёр том нам нэг бол улстөржиж, эсвэл МАНАН-таж, авлигадаж идэж уусных. Тэр нь хөгжлийг чөдөрлөсөн. Улстөржилт Монголын нийгмийг хагалж, бутаргасан. Эдийн засгийн нэг бэрхшээл нь өмнөх парламентын үед 68 хувийн татварыг бий болгосноор бизнесүүдийг зугтаахад хүргэсэн гэж тайлбарлаж байгаа ч нөгөө талаас төрийн тогтолцоо авлига, хээл хахууль, хүнд сурталд идэгдсэнээс болж гадаадын хөрөнгө оруулалт Монголоос дайжсан. Энэ бодит үнэнийг өнөөдөр нэг ч хүн хэлсэнгүй. Олж харсан ч үгүй, дүн шинжилгээ хийсэнгүй. Ер нь бол ард иргэдээ улстөрийн хатуу гишүүнчлэлд хуваан талцуулж, олигархжсан хэдхэн хүн Монголын баялагт дангаараа эзэн суух гэсэн бодлого нийгэмд тогтсон. Эцэст нь эрх мэдэл, албан тушаал булаацалдсан зөрчилдөөн Монголын хөгжлийг хаалаа. Бодитой хөгжлийн жишээг авч үзвэл ойрын 25 жилд нэг системтэй явсан манай урд хөрш байна. Вьетнам улс сүүлийн 25 жил тасархай хөгжлөө. 1970 оноос хойш БНСУ ямар өндөр хөгжилд хүрэв. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас Казахстан уул уурхай, газар тариаландаа түшиглэж шинэ хот, шинэ бүтээн байгуулалт, дэд бүтцээ хөгжүүлсэн. Тэгвэл Монголд ямар байна. Н.Энхбаяраар овоглосон “Мянганы зам” л байгаа. Гаднаас их хэмжээний зээл авч, нэг хүнд ногдох өрийг найман сая хүртэл өсгөж байж хэдэн зам тавьсан нь чанаргүй, ийм л байна.
-Цаашид бид яах вэ, хөгжлийн ямар гарцыг та санал болгох вэ?
-Эдийн засгийн форумын хоёр өдрийн хуралдаанаар огт яриагүй асуудал бол улстөржилт, талцал зөрчил. Бодит байдлаа ярьсангүй гэж байгаа маань тэр. Өнөөдөр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд намаар ялгарах ёсгүй. Үзэл суртлын үеийн юм алга болсон шүү дээ, баруун зүүний ялгаа байхгүй болсон. Гэтэл авлига, мөнгөний хойноос хөөцөлдсөн замбараагүй байдал, хариуцлагагүй явдлыг өнөөгийн Монголд ардчилал гэж ойлгоод байна. Идэж уух гэсэн том бүлэглэл хоёр нам дээр үүсч, түүнээс жижиг намууд ч хоцорсонгүй. Би өөрийн харъяалагдаж байгаа намаа ч цэвэр ариун гэж хэлэхгүй. Тэр дарга нар нь тендер рүү хутгалддаг бол адилхан л хутгалдаж байгаа байх. Гэхдээ би өнөөдөр эрх барьж, бодлого тодорхойлж байгаа МАН, АН-ын тухай ярьж байна. Үнэхээр Монгол эх орноо бодох юм бол гарц нь улстөрийн зоримог шийдэл байх ёстой. Бид өнөөдөр улстөрийн намын байнгын хатуу гишүүнчлэлээс салах цаг болсон. Энэ нь цөөн хэдэн авлигач, баячуудыг улстөрд байлгах тоглоомын хэрэгсэл болж байгаагаас биш Монголын хөгжилд гай учруулж байна. Бид Америкаас дандаа хуулбарладаг, тэднийг үлгэр жишээгээ болгодог. Тэгвэл Америкийн Бүгд найрамдах намд хатуу гишүүнчлэл байдаггүй дэмжигчид л бий. Сонгуульд хэн ямар хөтөлбөр оруулж ирнэ вэ, сайныг нь дэмждэг. Манайд улстөрийн намын нэр хүнд яагаад 17-18 хувь хүртэл унасан бэ гэвэл Монголын хөгжлийн бодлогыг алдагдуулсныг ард түмэн олоод харчихсан байна шүү дээ. Хэдэн нам ээлжилж төр бариад явж болохгүй. Цоо шинэ бодлого хэрэгтэй. Үүнийг төрд байгаа шударга хүмүүс бодох ёстой. Эдийн засгийн мундаг бодлого гэхээс илүү улстөрийн эрүүл орчин бий болгох хэрэгтэй.
- Үүний тулд өнөөдөр юу хийх ёстой вэ?
-Эрхзүйн орчинд өөрчлөлт хийх ёстой. Эрхзүйн орчин гэхээр бид Үндсэн хуулиа барьж авахаас өөрцгүй. Ингэж байж парламент шиг парламенттай болно. Түүнээс биш олигархиудын гар хөл болчихдог, дуртай дургүй ч хумигдаад орчихдог далан хэдхэн гишүүнтэй парламент дэлхийн аль ч улсад байхгүй. Дээр нь тэрбум, тэрбумаар УИХ-ын гишүүн, сайдын суудлыг худалдаж аваад Их хурал, Засгийн газарт ороод ирдэг явдал хавгайрсан. Сонгуулийн тогтолцоог эрүүл болгохгүй бол мөнгөн дээр тогтдог байдлаар яваад Монгол Улсад хөгжил ирэхгүй. Эрх ашигт суурилсан тогтолцоо баялгийг улс орны хөгжилд зориулахаас илүүтэй тухайн компани, хувь хүн өөрийн эрх ашгийн төлөө хандаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид ирээд “Ярьсан дарга болгон өөрийнхөө хувийн компанитай хамтарч ажиллахыг санал болгодог” гэж хэлдэг. Монгол Улсыг төлөөл гэж тэр хүнийг төрд суулгаснаас биш хувийн компанийн төлөөлөл биш шүү дээ. Бодлогынхоо энэ алдааг бид өөрчлөх цаг болсон.
-Тэгвэл төрийн хяналт, шалгалтын тогтолцоо зөв явж чадаж байна уу.Эдийн засгийн форумаар энэ тухай бас хөндсөн. Танд санал байна уу?
-Эдийн засгийн форум төрийн хяналт, шалгалт гэсэн бүлэг сэдвээр хуралдсан. Бизнесийг дарамталдаг үйл ажиллагааг халах хэрэгтэй. Либераль бодлого, татварын шударга тогтолцоо, хяналт шалгалтын стандарт тогтолцоогоор энэ ажлыг явуулах нь зүйтэй. Түүнээс өнөөгийнх шиг бүгдийг хавтгайруулдаг, хянадаг, бүх асуудалд төр хутгалддаг тогтолцоо буруу. Тиймээс энэ хяналтыг цомхон болгож иргэний нийгмийн байгууллагуудад өгөх ёстой. Тэр нь жагсаал цуглаан хийдэг хүмүүс биш, төрийн хяналт, шалгалт, татварын албаар мэргэшсэн ТББ-ууд байх юм. Тэр хүмүүс хяналт, шалгалт хийж мэдээллүүдийг нэгтгээд төрд өгч болно. Эсвэл Ерөнхийлөгчийн санаачилсан шилэн дансны хуульд хяналт тавьдаг байх ч юм уу, тийм систем байхгүй бол байгууллага дотроо ажилтнууд нь даргынхаа эсрэг дуугарахгүй байх жишээтэй. Тиймээс тэр эрхийг нь иргэний нийгмийн байгууллагуудад өгчих хэрэгтэй. Тэгж чадвал хяналт шалгалт сайжирна, төрийн тогтолцоо эрүүл болно. Ер нь хууль тогтоомжийн орчныг бүхэлд нь шинэчлэх ёстой. Түүний дотор байгаль орчноо сүйтгэхгүй, хойч үеийн амьдрах орчныг муутгахгүй байх асуудал чухал. Дээр нь аялал жуулчлалын салбарын асуудлыг ярьж байна. Монгол шиг онгон байгальтай, экологийн цэвэр орчинд гадаадын жуулчдыг татах асар өргөн боломж бий. Өнөөдөр 200-300 мянган жуулчин оруулж ирдэг энэ тоог өсгөх бололцоо байгаа. Тухайлбал, хоёр бөхтэй тэмээ зөвхөн Монголд л байдаг. Үүнд түшиглэсэн өвлийн спортын наадам хийж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Сүүлийн арваад жил хэдхэн ТББ энэ ажлыг хөөцөлдөж байхад төр бодитой дэмжлэг үзүүлэлгүй явж ирсэн. Ялангуяа татварын асуудалд төр бодлогоор анхаарах хэрэгтэй байна. Ингэхдээ НӨАТ-ыг 5 хувиас илүү гаргаж болохгүй, эсвэл худалдааны татвар болгож өөрчлөх шаардлагатай.
НӨАТ бүх бизнесийг хааж боож байна гэсэн шүүмжлэл их, дээр нь татварын авлигыг цэцэглүүлж байгаа учраас хамгийн ноцтой. Тиймээс 5 хувиас илүүгүй болгох, торгууль, хүү, алдангиар дарамталж бизнесүүдийг хааж байгааг нэн даруй халсан хуулийг Их хурлаас гаргана. Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, холбоо, ТББ-ууд нэгдэж үүний төлөө хатуу тэмцэл хийх болно.
-Зөвхөн уул уурхайг дангаар нь шүтээд нэмэргүй гэж та хэллээ. Дотоодод ямар боломж байна?
-Монголын газар нутаг химийн бодисоор хордоогүй онгон дагшин, экологийн цэвэр орчин. Үүндээ түшиглэн хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх ёстой. Дэлхий дахин үүнд анхаарч байна. Орчин үед хүн урт наслахын тулд цэвэр хүнс, хүнсний бүтээгдэхүүн идэх шаардлага тулгарч байна. Тэгэхээр энэ асар том зах зээл байгаа биз. Тэгвэл мах, сүүнээс эхлээд Монголд үйлдвэрлэх бололцоо бий. Зүүн Өмнөд Ази болон бусад улс орон Монголын газар нутагт тариа, будаа тарьж ургуулаад өөрсдийн зах зээлд гаргах сонирхолтой байгаа. Ийм ажил хийх гэхээр аймаг, орон нутгийн дарга нар нь газрын асуудлаар хавчдаг. Хэдэн зуун га-гаар нь газраа хуваагаад авчихсан Засаг дарга нар “зарна” гээд сууж байдаг. Ийм байж болохгүй. Бид хөдөө аж ахуйг, уул уурхайтай зэрэгцүүлж, дээр нь аялал жуулчлалыг нэмэгдүүлж байж Монгол Улсыг эрчимтэй хөгжүүлнэ. Хөгжлийн ийм бодлого, урт хугацааны хөтөлбөрөөр бид алсын хараагаа тооцох учиртай. Хүрэх арга замын хувьд авлига, хээл хахууль, хүнд суртлаа алга болгож байж урагшилна. Сүүлийн үед авлигатай тэмцлээ гэдэг, төрд өндөр албан тушаал хашиж байсан баахан хүнийг шоронд хорилоо, юу ч өөрчлөгдсөнгүй. Гэтэл өнөөдөр улстөрд орж байгаа нөхдүүд хаана юу байгааг хуу хамаад явж байна.
-Ингээд ярихаар төрд байгаа хүмүүсийн ёс зүйн асуудал хөндөгддөг. Төрд шударга ёсыг яаж тогтоох вэ?
-Монголын төр 2000 жилийн түүхтэй. Наашилбал 800 жилийн түүхтэй Чингисийн төр. 1990 он хүртэл ардын хувьсгалын замаар замнахад төрийн алба ёс зүйтэй, хуулиа дээдэлдэг үлгэр жишээ явж байсан. 1990 оноос хойш юу болов, ялангуяа сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газарт мөнгөөр орж ирдэг боллоо. Их хурлын гишүүний суудлыг мөнгөөр худалдаж авч байна. Мөнгөгүй шударга хүн ярихаар “Мөнгөгүй чи хэн ч биш, дуугүй яв” гэсэн байдлаар ханддаг. Монголын төр ингэж бохирдлоо. Төрийг эрүүл, ёс жудагтай байлгаж, төрийн албан хаагчийн баримталдаг дүрмийг хатуу тогтоож, иргэний нийгмээр хяналт тавиулахгүй бол төр эрүүлжихгүй. Төрийн албыг улстөрөөс 100 хувь тусгаарлах ёстой. Аль ч нам олонх болсон төрийн албанд нэг ч хүнийг өөрчлөх ёсгүй. Ийм тогтолцоог нэн яаралтай Үндсэн хууль, төрийн албаны хуулиар бий болгох ёстой. Улстөрийн нам бол зөвхөн намын гишүүнчлэл дотроо эргэлдэх учиртай. Төрийн албыг бас дархлаад орхиж болохгүй, гурван жил тутам аттестатчлал хийнэ, тэр нь улстөрөөс ангид байна. Хэрэв ажилдаа тэнцэхгүй хоцрогдсон, ажил үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа бол ажлаа өгөөд доош явна. Мэргэшсэн, ахисан нь дээшээ явна. Энэ өмнө нь байсан тогтолцоо. Төрийн албыг маш богино хугацаанд сонгодог болгох ёстой. Үүн дээр хүүхэд багачуудыг бүр багаас нь үлгэр жишээ болгох боломж бий. Жишээ нь, хуульч С.Нарангэрэл багш энэ чиглэлд маш сайн судалгаа хийж, Чингис хааны үеэс хойш монгол төрийн албан хаагчийг яаж бэлтгэж байв, төрийн түшмэлийн дэг ёс, нийгмийн баталгаа ямар байсныг тодруулж “Ёс суртахууны монгол цагаан толгой” ном гаргасан байна лээ. Ер нь бол төрийн албан хаагчийн бүх хангамж төрөөс, дээр нь зээлийн системээр явдаг ийм л тогтолцоо руу орох ёстой юм. Улстөрийн нам зөвхөн бодлого боловсруулж, түүгээрээ сонгуульд өрсөлддөг, сайн хөтөлбөр гаргасан нь засаг төрд бодлогоо хэрэгжүүлдэг ийм л байх ёстой. Одоо янз бүрийн хөтөлбөр гаргаж, туг далбаа хийсгэж улстөрийн намууд бужигнах огт хэрэггүй юм. Олон нам байгаа дээрээ нэгдсэн хөтөлбөрт тогтож, түүндээ төрийн нэр цэвэр, шударга, авлига хээл хахуульд өртөөгүй, хүнд сурталд автаагүй, төрөөр бизнес хийгээгүй хүмүүсийг гарган ирж, түүгээрээ хөтлөлцөж очоод ард түмнийхээ өмнө сонгууль хийе. Түүнээс хэн нэг нь радио, телевиз, сонин хэвлэлийг монопольдчихсон, түүгээрээ олон нийтийн сэтгэл санааг урвуулж санал авдаг байдлаас өөр сонгууль явуулъя. Ийм боломж бий.
-С.Нарангэрэл академичийн “Ёс суртахууны цагаан толгой” номыг би ч бас уншсан. Монголчууд уул уурхайн баялгаа ухаад хөгжсөнгүй одоо оюун ухааны баялгаа ашиглая гэсэн санаа гэж ойлгосон?
-Зэрлэг капитализм хулгай залилангаар замнасан шиг бид тийм л замаар явж ирсэн. Үүнийгээ өөрчлөх ёстой. С.Нарангэрэл академичийн хувьд маш зөв сэдвийг гаргаж тавьсан. Үнэхээр бид дунд сургуулиас эхлээд монголд хүний, төрийн хүний ёс жудгийг зааж өгөхгүй бол хэчнээн нам сольж, хэчнээн урваж шарваж, хамтран зүтгэгчийнхээ араас хутга шааж байна вэ. Энэ монгол хүний, төрийн хүний ёс зүй мөн үү. Энэ чинь л Монголын хөгжлийг байхгүй болгоод байна шүү дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ч.ЗОТОЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ