Алексис Ципрас дургүйцлээ илэрхийлэв

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ОХУ-ын Москва хотноо төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайдыг Москвад ирсэн даруйд Европын холбооны парламентын дарга Мартин Шульц уулзаж, Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригийг зөрчихгүй байхыг сануулсан байна. Тус уулзалтын дараа Ерөнхий сайд дургүйцлээ илэрхийлж, “Барууны орнуудын хориг, миний айлчлалтай ямар ч хамааралгүй. Би нэг улсыг төлөөлж, айлчлал хийж байна. Энэ айлчлалын үеэр яригдах асуудал болон шийдвэрээ ямар нэг улсаар шалгуулахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.
Алексис Ципрас Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, хөршийн харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Украины автаномит муж Крымийн хойгийн асуудлаас болж АНУ, Их Британи болон Европын холбооны орнууд Оросын эсрэг эдийн засаг, худалдаа, банк санхүү, визний салбарт хориг тавьсан билээ. Эдгээр хоригийн дараа Орос хориг тавьсан орнуудад экспорт, импортын хориг тавьж, дотоодын аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого явуулсан юм.
Өнгөрсөн сард Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьж буй 11 улс, хоригоо цуцлах хүсэлтээ Европын холбоонд тавьсан юм. ОХУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Николай Федоров “Орт 1” телевизэд “Ерөнхийлөгч Грек тэргүүтэй хэд хэдэн оронг дээрх хоригоос чөлөөлж магадгүй. Энэхүү айлчлалын төгсгөлд бүх зүйл тодорхой болно” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ