Казиногийн хуулийг хэлэлцэхийг дэмжив

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн тухай, Казино байгуулах тухай болон дагалдах хуулийн төслийн хэлэлэх эсэхийг шийдлээ. Манай улс аялал жуучлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд казиногийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай болжээ. Тиймээс хууль эрхзүйн хүрээнд, стандартад нийцсэн казино байгуулахаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд Засгийн газар казиногийн үйл ажиллагаа явуулах хоёр байршлыг тогтоох, тогтоосон байршилд аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгох, үйл ажиллагааг зохицуулах, хянах төрийн захиргааны төв байгууллага байгуулах, казино байгуулагч нь гадаадын иргэн, харъяатгүй байх зэргээр тус тус тусгажээ. Казино байгуулсан тохиолдолд зөвхөн гадаадын иргэдэд үйлчлэх юм байна. Гишүүд казино байгуулахад 1998 оны алдаагаа давтах вий гэж сэрэмжлүүлж, мөн монгол иргэдээ ч тодорхой мөнгөн дүнгийн хүрээнд оруулж байх хэрэгтэй гэж байлаа. Казинод гадаадын 21 нас хүрсэн иргэн үйлчлүүлж болох бөгөөд тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгох тусгай зөвшөөрлийг авахдаа 35 тэрбум төгрөг төлөх юм байна.
Казиногийн тухай, Казино байгуулах тухай хуулийг хэлэлцэх санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ