Хотын даргыг халз ярилцлагад урив

"Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд Бурхан Халдун ууланд явж байсан Өвөрмонголчуудаас Хотын дарга Э.Бат-Үүл уучлал гуйсан асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Tус байгууллагын тэргүүн П.Шинжээравдан хэлэхдээ “Гуравдугаар сарын 28-нд Бурхан Халдун уулын дунд овоонд тахилга хийхээр очсон. Тэр үед гурван Монгол залуу тэнд явж байсан дөрвөн Өвөрмонгол хүнийг Хятад хүн гээд сөгдүүлчихсэн байсан. Бид очоод Хятад биш Өвөрмонгол хүмүүс байна. Энд наад хүмүүс чинь ирэх ёстой. Ах дүү Өвөрмонгол хүмүүс байна. Та нар яаж байгаа юм бэ гээд Өвөрмонгол дөрвөн залууг явуулсан.
Өвөрмонгол залуус “Та нарт баярлалаа. Бид та нарыг буруугаар ойлгож байж” гээд явсан, тэднийг айлган сүрдүүлж, зодож цохисон зүйл байхгүй. Гэтэл Улаанбаатар хотод иртэл тэнд авсан зурагнууд сошиалаар буруу тан мэт утгатай тарж, Хотын дарга Э.Бат-Үүл Өвөрмонголчуудаас бидний өмнөөс уучлал гуйсан байна.
Бид уучлал гуйх буруу зүйл хийгээгүй. Энэ хэргийн учрыг олохоор БНХАУ руу явах гэсэн боловч “Босоо хөх Монгол” ТББ-ын найман залууг хилээр гарахыг хориглосон байсан. Өөрсдөө хилээр гарах боломжгүй байсан учраас Шивээхүрэнгийн боомт руу утсаар яриад яваад очиход Алтан-Уулд мөн хилийн хориг тавиад цаанаас нь наашаа гаргаагүй. Гэхдээ сөгдөж суусан зураг нь тарсан Алтан-Уул гэдэг Өвөрмонгол залуутай уулзах боломжгүй болсон тул утсаар ярьсан. Тэр “Босоо хөх Монгол”-ын залуус сөгдүүлээгүй, гомдолгүй гэж хэлсэн. Алтан-Уул удахгүй видио бичлэг хийж явуулна гэсэн.
Хотын дарга саяхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Нүүрээ нуусан эх орончид, нацимст бүлэглэлүүд ийм үйлдэл хийсэн” гэх зэргээр олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн. Хас тэмдэгний хэрэглээг хорих асуудлаар ч ярьлаа. Түүхээ судлавал Монгорлчууд эрт дээр үеэс хас тэмдэгийг хэрэглэж ирсэн. Төрийн ордонд ч байгаа. Иймд хотын даргатай ойлголцолд хүрч, олон нийтэд ч энэ талаар зөв мэдээлэл хүргэх үүднээс МҮОНТВ-ээр Э.Бат-Үүл даргатай шууд ярилцлагад орох хүсэлт тавьж байна. Энэ ярилцлагыг зохион байгуулснаар Ар, Өвөрмонголын иргэдийн үл ойлголцол арилна. Мөн найрсаг Улаанбаатар хотод болж буй бусад асуудлуудаар хэлэлцэж, үл ойлголцлын улмаас гарах эмх замбараагүй үйлдлүүдийг таслан зогсоохыг хүсэж байна. Уг шууд ярилцлагад Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар нарыг урьж байна” гэв.
Мөн хэвлэлийн хуралд Алтан-Уулын найз Ялалт ирсэн юм. Тэрбээр “Алтан-Уул над руу ярьсан. Тэр “Босоо хөх Монгол”-ын гишүүдэд маш их баярлалаа гэдгээ надаар дайж хэлүүлсэн. Манай ар өвөр Монгол эв найртай байхыг хүсч байна” гэж хэлүүлсэн хэмээлээ. Түүнчлэн энэ үеэр зарим мэдээллийн хэрэгсэлүүд бидний нэрээр тараад буй Өвөрмонгол иргэдтэй холбоотой мэдээгээ “Цагаан хас” бүлгэмийн зурагтайгаар тарааж байна. Тэдний үйл ажиллагаа зорилго нь өөр. Ингэж буруу ташаа мэдээлэл түгээж, олныг төөрөгдүүлж, биднийг буруутгаж байгааад харамсаж байна. харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ