“Ярилцлага” кино хойдын хилээр давжээ

Өмнөд Солонгост идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг, “Хоёр Солонгос нэгд” хөдөлгөөний гишүүд өчигдөр 12.00 цагийн үед агаарын бөмбөлгийн тусламжтай, Америкийн “Sony picture” компанийн бүтээл “Ярилцлага” киноны 100 мянган ширхэг “DVD”, удирдагч Ким Чен Уны дэглэмийг эсэргүүцсэн ухуулга хуудас болон жимс, чихэр зэргийг Хойд руу хөөргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Дээрх бөмбөлгүүд хойд хилээр нэвтэрч газардах үед тус улсын хилийн цэргүүд иргэдийн гар дээр очихоос нь өмнө хураан авч, устгах ажиллагааг эхлүүлжээ. Мөн бөмбөлөг газардсан бүс нутгуудад хөл хорио тогтоосон байна. Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Өмнөдийн идэвхтэнүүдийн үйлдлийг дайныг өдөөн турхирсан, эзлэн түрэмгийлэх гэсэн бодлого” хэмээгээд ““Ярилцлага” киног үзсэн хүмүүс агуу удирдагчаасаа урвасан хэрэг болно” гэж мэдэгджээ.
“Хоёр Солонгос нэгд” хөдөлгөөний тэргүүн Ли Мин Бок “Хойд Солонгосыг хэдхэн хүн үгүй хийж байна. Олон сая хүн харанхуй бүдүүлэг нийгэмд амьдарч байна. Тэдний тухай олон улс юу гэж боддог. Агуу удирдагч, бурхан гэж хүндэлдэг Ким Чен Ун үнэн хэрэгтээ ямар хүн гэдгийг тэд мэдэхгүй. Одоо ард түмэн нэгдэх хэрэгтэй. Тэд эрх чөлөө, ардчилсан эрхийн төлөө тэмцэх нь цаг боллоо” гэж хэлжээ.
Уг хөдөлгөөн өнгөрсөн хоёрдугаар сард дээрх бөмбөлгүүдийг хөөргөхөөр төлөвлөж байсан ч Пхеньян илүү үйлдэл хийсэн тохиолдолд пуужин харвахаа сануулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ