- Хууль төрөхийн өмнө -
Намрын чуулган завсарлахын өмнөх өдөр баригдсан Казиногийн тухай, Казино байгуулах тухай хуулийн төслийг хаврын чуулган дөнгөж эхлээд хэлэлцлээ. Ер нь парламентат засаглалтай болсноос хойш манай улс хоёр дахь удаагаа Казиногийн тухай хуулийг, Казино байгуулах асуудлыг парламентын босгоор давуулж байна.
Өмнө нь батлагдсан Казиногийн тухай хууль манай түүхэнд гашуун сургамж үлдээсэн билээ. Тухайн үед Казиногийн хуулийн дагуу ажилласан казино байхгүй. Тэр үед хуульгүйгээр казино ажиллаж, тэнд ямар нэг хяналт шалгалтгүй байсан учраас Казиногийн хуулийг баталж гаргасан гэж тухайн үеийн хууль тогтоогчид хэлдэг. Харин Казиногийн хуулийг батлаад хэрэгжүүлэх үед гурван гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэн, ял оноож, улмаар нэг нь амиа алдсан гашуун түүхтэй. Тиймээс ч тухайн үед уг хуулийг хэрэгжүүлээгүй байхад нь хүчингүй болгосон юм билээ. Харин одоогийн гаргаж байгаа хууль энэ алдаа сургамжийг түүхийг давтахгүй байх хэрэгтэй гэж хууль тогтоогчид анхааруулж, сэрэмжилж, сануулж байсан. Үүнээс хойш казино байгуулах тухай үе үеийн парламентын үед яригддаг ч хэн нэг хууль санаачлагч эсвэл Засгийн газар нь хуулийн төсөл боловсруулан өргөн бариагүй. Харин энэ парламентын үед Засгийн газар санаачлан боловсруулж, өргөн барьж байна. Анх Казиногийн хуулийг батлахад АН эрх барьж байсан. Өнөөдөр мөн л АН эрх барьж байгаа үед дахин хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг АН-ын эрх барьж байх үед өргөн баригдаж хэлэлцдэг нь ардчиллынхан казиног түлхүү сонирхож, тэдний эрх ашиг нуугдаж байна гэж үзэх хэсэг ч байдаг. Нөгөөтэйгүүр “Зарим хуулийн төслүүдийг өргөн бариад хоёр, гурван жил болж байхад чуулганы бүрээр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаадаг ч тухайн чуулганы хугацаанд хэлэлцүүлдэггүй байж Казиногийн тухай хуулийн төслийг өргөн баригдсан даруй шуурхай хэлэлцлээ. Үүний цаана хэний юуны ямар эрх ашиг явж байна вэ” гэх зарим гишүүний зүгээс өргөн барьсан хуулийн төслөө хэлэлцүүлэх гэж “барьцах”, хардлага зэрэгцсэн байр суурь гарч байлаа.
Харин манай улсын өнөөдрийн эдийн засаг, зах зээл, хөгжлийг тэртээ 17 жилийн өмнөх үетэй харцуулшгүй. Ардчилсан нийгэмд шилжсэн эхний үед цаг үе ч ороо бусгаа байлаа. Засгийн газраас уг хуулийн төслийг боловсруулах үндэслэлдээ “Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог 1.0 саяд хүргэх зэрэг зорилт тавьж байна. Иймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай” гэж дүгнэсэн байна.
Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417 мянга гаруй жуулчин ирж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ.
Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэх байна. Казино хөгжсөн улс орон, тухайлбал Сингапурт иргэд нь тоглох эрхтэй байдаг аж. Харин манай иргэд ихэвчлэн Солонгос руу явж казино тоглодог. Энэ нь мөнгө гадаад руу урсч байна гэсэн үг. Тиймээс казинод Монгол Улсын иргэдийг таксаар оруулах, хуулиар иргэдийнхээ тоглох мөнгөний хэмжээг зааж өгөх гэсэн саналыг гишүүдийн зүгээс гаргаж байсан бол зарим нь казино манайд хэрэггүй, эрх зүйн орчин бүрдээгүй гэж үзэж байсан юм.
Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх аж. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заажээ. Ингэхдээ чөлөөт бүсэд байгуулахыг гишүүд илүүд үзэж байлаа. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа юм билээ.
Казино байгуулагдсанаар аялал жуучлал 1 сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ. Харин төсөвт орох энэ тоог хэтэрхий өндөр, хөөсөрсөн тоо болохгүй юу гэж мөн сэрэмжилцгээж байсан.
Ямартай ч гишүүдийн дийлэнх нь Казино байгуулахыг хэлэлцэхийг дэмжлээ. Цаашлаад парламентаар ч хэлэлцүүлээд явах байх. Харин уг хуулийн төсөлд казиног хаана яаж байгуулах, үүнийг дагалдах жуулчин, орлогоос гадна үйлчилгээ, хамгаалалт гээд бүхий л зүйлийг хуульд тодорхой, нэг бүрчлэн зааж өгөх шаардлагатай гэж олон нийт үзэж байна лээ. Казиногийн, Казино байгуулах хуулийг батлахдаа дагалдах хуулиудаас нь эхлээд казинод хамааралтай бүхнийг эс ширхэг бүрчлэн хуульчилж өгвөл гашуун алдаагаа давтахгүй, аливаа асуудалтай зөрчилдөхгүй байх. Үүнийг ч гишүүд хэн нэгнээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа ч хөндөнгөөс хатгах лобби, популимзмд өртчих вий гэж бас л сэрэмжлүүлэхэд илүүдэхгүй болов уу.
Н.Энх