Мөнгө угаасны Баяр

Далайн цаана тайван амьдрал хөөхөөр одсон экс Ерөнхий сайдынхаа араас дааж давахгүй өртэй үлдсэн иргэд нь нэг өдрийн тал шуугин “дурслаа”. Ихэнх нь таагүй байдлаар дүгнэж, гомдож явдгаа илэрхийлжээ.
Г.Уянга гишүүний хийдэг ээлжит нууц задлалт С.Баярыг онилсноор энэ шуугиан эхэлсэн. Энэ мэдээллийг Г.Уянга гишүүн өөрөө олж зарлаагүй гэж байна. Оюутолгойн нууц гэрээ зэргийг эрх мэдлийнхээ хүрээнд олж харснаа олон нийтэд задалж шуугиан тарьдаг уламжлалаараа “Golomt.org” гэх цахим хаягнаас ирсэн материалыг зарлаж байгаа гэнэ. Тодорхой нэр хаягтай сайт дээр тавигдсан байхыг бодоход энэ материал угаасаа нууц биш юм байна. Ер нь бол хэлтэй устай хүн хөөгөөд хараад байвал АНУ-ын үл хөдлөхийн мэдээлэл нь ил тавигдсан байдаг. Аливааг эх сурвалжаас нь олж харах зарчимтай зарим нэг идэвхтэй уншигч зохих хаягуудаар орж энэ мэдээллийг баталгаажуулжээ.
Экс ерөнхий сайд С.Баярын тухай олон нийтийн үнэлгээ хоёр туйлтай ба түүний эд хөрөнгө хур баяны тухай энэ асуудал ч хоёр талтай. Энэ хүн унаж явсан намыг татаж босгоод муу муухайг нь хүн ухахаас өмнө өөрсдөөр нь ил болгоод яльгүй цэвэрлээд сонгуульд ялуулсан гэдэг улс төрийн том карьертай. 2008 оны сонгуулийн дараах долоодугаар сарын 1-ний үймээний ард том асуултын тэмдэгтэй үлдсэн хүн. Араас нь ард түмний сонголтыг давсан стандарт бус шийдвэр гаргаж МАНАН үүсгэсэн. Үүнийхээ ард Оюутолгойн төслийг хөдөлгөсөн буюу одоогийн гацаат гэрээг дээрээс залж гүйцэтгүүлсэн.
С.Баяр ОХУ-д Элчин сайдаар сууж бие халаалтаа хийж байгаад эргэн ирж Н.Энхбаярын хаан орыг эзлэх их тулаанд эргэн орж төвөггүй ялан хүний өөрийн намынхныг нөлөөндөө оруулж Монголын улс төрд өөрийн диктатурыг далдхан бий болгож чадсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Түүний бие даасан шийдэмгий байр суурьтай айхтар стратегич, улс орны тухайд дэвшүүлсэн зорилтууд нь ард түмний дэмжлэгийг хүлээж байсан нь улс төрд хүчирхэг байхад нөлөөлсөн гэж болно.
Одоогийн “бариад ир, алаад өг” гээд байгаа олон нийт маань бараг бүгдээрээ л оросуудын “Путин биш бол өөр хэн” гэдэг шиг “С.Баяр. Чи шүү” л гээд хурайлдаг байсан нь тийм холын дурсамж биш. Харин тэр эцсийн мөчид итгэлийг нь алдсан байж болно. Олон нийт С.Баярт маш их итгэж дэмжиж байсан тул түүнийг МАНАН үүсгэхэд ч нэг их эсэргүүцээгүй, Оюутолгойг хөдөлгөлөө гэхэд ч тийм их хардаагүй. Харин энэ том итгэл, өөрийг нь дагахад бэлэн байсан массын итгэлийг тэр эвдэж намынхаа замыг засаад эцэст нь өөрийгөө бодсон уу гэвэл “Тийм” гэж болно.
С.Баяр Ерөнхий сайд байж улс орны хэргийг хэдэн намтай нь нэг цулбуураар хөтөлж байхдаа хэн ч татгалзаж боломгүй улс төрийн тохироогоор Оюутолгойн асуудалтай гэрээг үзэглүүлээд өөрөө улс төрөөс гарлаа гээд бултчихсан. Овоо ч юм авсан байх. Ингэж харах үндэслэл хангалттай бий. С.Баяр Оюутолгойн гэрээг үзэглэсэн өдрөөс нэг их удалгүй Ерөнхий сайдаасаа татгалзсан. Дараа нь намын даргаа өгөөд далайн цаана гарчихсан. Дэлхийд томд ордог төслийн гэрээний ард байсан хүн нэг цент ч аваагүй хил гарчихсан гэхэд хүүхдээс өөр хэн итгэх. Ард нь үлдсэн Оюутолгой бол үнэндээ Монголд хүлээсэн хэмжээний хаялга өгөхөөргүй хүний талд гарчихсан гэрээтэй болох нь одоо ил болсон. С.Баярт туйлын итгэж тултал нь дэмжиж байсан олон нийт өнөөдөр гомдож хариуцлага нэхэж байгаа нь туйлын үнэн.
С.Баяртай холбоотой байж болох АНУ-д байх 7 их харш 12 сая ам.долларын мэдээлэл дээр сэтгэгдэл үлдээгчид хоёр хуваагджээ. “...луйварчин мөн байна. шууд л дуудаж авчраад нөгөө юунаас нь дүүжилчих ...Угаасаа тодорхой шд...” гэсэн туйлын гомдогсод мэдээж дийлэнх байна. Нөгөө талд нь “...С.Баяр бол гүйцэгдэхгүй стратегич, улс төрд ан хийх талаараа бол чонын араншинтай. Зөөлөн архирна. Нэг их сүрэглээд яваад байхгүй. Тэр бас их шуналтай бас түүнээсээ хол илүү хашир. Ийм хүн ийм тийм ил тод болхи аргаар мөнгө угаасан байх уу...” гэсэн хашир хардамтгай дүгнэлт хийх хэсэг ч байна. “...С.Баярын тухай энэ шуугиан бол урагшаа явахаар болоод байгаа Оюутолгой дээр шинэ гацаа үүсгэхэд нийгмийг бэлдэж байгаа хэрэг...” гэсэн гурав дахь таамаг буюу өөр өнцгөөс харж байгаа хүмүүс ч байна. Бид чухал гэж үзсэн асуудлыг бүх талаас нь харах ёстой байх.
Нэгэнт л олон нийт шуугиж эхэлсэн асуудал дээр бодлоо хуваалцахад С.Баяр бол өөрийнх нь хэлснээр МУ-ын иргэн хэвээр байгаа, хилийн чанадад суугаа нэгэн. С.Баяр мөнгө угаасны баяраа хийж Америкт тансаглаж байгаа нь үнэн бол түүнийг нь тогтоодог шалгадаг газар нь Монголд байгаа. Хэзээ ч дуудаж болно. Тэр айхтар хүн тул өөрөө тэгж байгаад нэг ирж цэвэрхэн гэдгээ итгүүлэхээр цензургүй ярих байх л даа. Тэр үнэхээр ард түмнээ хуурсан бол шийтгэл нь хэзээ нэгэн цагт ирнэ.
С.Баяр болоод түүний гэр бүл АНУ-д жаргалтай байгаа юм байна. Бид энд хэцүүдээд байгаа нь үнэн. Харин энэ тэндээс цацсан ховноос хордсон бид тогоондоо хэрүүлтэй, өнгөрсний буруугаар бие биенээ адалсаар өнөөх Оюутолгой нь гацаастай суугаад байж болохгүй байх даа. Ядаж Оюутолгойгоос мөнгө орж эхэлсний баяраа бид эндээ хийж суувал бас өөр хэрэг.
Төгсгөлд сонирхуулахад, “жинхэнэ” С.Баяр эсэхийг яг хэлж мэдэхгүй ч С.БаярHYPERLINK "mailto:С.Баяр@bayar_PM"@bayar_PM гэж жиргээч байдаг. Энэ хүний саяхных нь нэг жиргээ ийм байна.
С.Баяр HYPERLINK "https://twitter.com/Bayar_PM"@Bayar_PM · 1d1 day ago
Хууль зөрчсөн эсэхийг хууль сахиулахын байгууллага шалгаж тогтоодгоос бус сэтгүүлч, ТББ, популист 3 хамтраад хүнийг яллачихдаг юм биш ....
С.Баяр HYPERLINK "https://twitter.com/Bayar_PM"@Bayar_PM · 1d1 day ago
Чоно баавгайруу дайраагүй бол баавгай чоныг хазах гэж дайрдаггүй л бхгүй юу, чулуу шидэгсдэд анхааруулахад: цэвэр хүн бидний дунд байхгүй шү...
Пүрэвжавын Баярхүү / тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ