“Пинокио” 2017 онд нээгдэнэ

“Walt Disney” компани 1940 онд дэлгэцнээ гаргаж байсан “Пинокио” хүүхэлдэйгээр бүрэн хэмжээний кино хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Киноны дүрийн шалгаруулалт ирэх долоодугаар сард эхэлж, зураг авалт арваннэгдүгээр сараас эхлэхээр болжээ. Энэхүү киног 2017 оны эхээр нээлтээ хийх гэнэ. 2002 онд жүжигчин, “Оскар”-ын шагналт Роберто Бенигни “Худалч хүү Пинокио” гэх 120 минутын турш үргэлжих киног дэлгэцнээ гаргаж байсан ч зохиогчийн эрхгүй, хүүхэлдэйн зохиолыг кино болгосон гэх үндэслэлээр “Walt Disney” компанид 100 мянган ам.долларын нөхөн төлбөр өгч байжээ. Харамсалтай нь энэхүү уран бүтээл амжилт олоогүй бөгөөд кино бүтсэн зардлаа ч нөхөж чадаагүй гэдэг.
2010 оноос эхлэн “Walt Disney” компани өмнө гаргаж, олон сая хүүхдүүдийг байлдан дагуулж байсан хүүхэлдэйнүүдээ дэлгэцийн бүтээл болгох ажилдаа орсон юм. Өнөөдрийн байдлаар “Алиса гайхамшгийн оронд”, “Мулан”, “Нойрсож буй гүнж”, “Үнсгэлжин” кино үзэгчдэд хүрсэн бол ирэх он “Маугли хүүгийн адал явдал”, “Том чихт Дамбо” кино дэлгэцнээ гарах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ