Орон сууцны үнэд босго тавих уу

Орон сууцны найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгохоо Засгийн газар амласан. Ипотекийн энэ зээл одоо ч үргэлжилсээр байгаа л даа. Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр нийт зээлдэгчдийн тоо 68 мянга буюу 136 мянган иргэний өрхийн зардлын бүтэц зохистой болж, хуримтлал нь өсч байна гэсэн албан мэдээлэл байна.
Бүтээн байгуулалт, ид ажлын улирал эхэлсэн энэ үед МҮХАҮТ, МАОЭХ, МҮЭХ хамтран барилгын салбарыг дэмжих зорилгоор Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бууруулж, 10 болгох, “80 ам.метр хүртэл талбай”-тай гэж хэмжээ заасныг 150 ам.метр болгох гэх шаардлага хүргүүлсэн.
Харин эдийн засгийн хүндрэлтэй үед барилгын салбарыг дэмжих, иргэдээ ч оронсууцжуулах зорилтын хүрээнд Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газар шийджээ. Тиймээс ч БХБЯ, ХАХНХЯ, Сангийн яамны хамтран энэ чиглэлд ажиллаж байгаа юм билээ.
Ямартай ч урьдчилсан байдлаар ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгон шийдвэрлэхээр зорьж байгаа нь тодорхой болоод байгаа. Гэхдээ иргэд “орон сууцны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувьд нь төрийн баталгаа гаргана” гэдэг мессэжийг алгаа ташин хүлээх авахгүй байна. Анх төрөөс бага дунд орлоготой иргэдийг дэмжих зорилгоор орон сууцны зээлийг 6 хувь болгож байхад олон нийт магнай тэнийн хүлээн авч, байраа захиалан, хашаа байшингаа зарах зар өгч, тохь тухтай орчинд амьдрахаар чармайж, мэрийж байсан үе саяхан, сонгуулийн циклийн буюу ердөө гуравхан жилийн өмнө. Харамсалтай нь тэр үеэс орон сууцны үнэ эрс нэмэгдэж, өнөө ч хөөс нь дарагдаагүй л бол иргэдийн сэтгэл хөдлөлийн хөөсрөл аль хэдийнэ дарагдсан гэдгийг бизнесийнхэн эрхбиш тооцсон байлтай.
Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй энэ үед борлуулалт байхгүй, нийлэлт ихэссэн гэж байгаа ч барилгын салбарын бизнэсмэнүүд орон сууцны ханшаа буулгахыг хүсэхгүй байгаа нь илт. Тиймээс ч төрөөс дэмжлэг хүссэн байх.
Гэхдээ төр, бизнесийнхний дунд иргэдэд зээлийн эх үүсвэрийг нь гаргаж өгөх банкны шалгуур гэж том даваа байгаа. Төр 20 хувьд баталгаа гаргаад, бизнесийнхэн бүтээгдэхүүнээ борлуулахаар найр тавилаа ч орон сууцны зээлд хамрагдахад тухайн өрхийн орлого банкны шалгуурыг давж гарах уу. Төрийн батлан даах 20 хувь бол бэлэг биш шүү гэдгийг салбарын сайд онцолж байна лээ. Энгийнээр хэлэхэд “Урьдчилгаа 10 хувиа төлөөд орон сууцаа худалдан аваарай” л гэсэн үг. Үлдэгдэл 90 хувийн төлбөрийг та урт хугацааны нөхцөлтэйгээр төлнө. Харин үүнд таны өрхийн орлого хүрэлцэх үү?
Цаашлаад найман хувийн зээлд хамрагдахад орон сууцны талбайд 80 ам.метр гэж босго тавьсныг чөлөөлж, нээлттэй болгохоор төлөвлөсөн байна лээ.
Харин Засгийн газрын зүгээс нэг талаас барилгын салбарыг, нөгөө талаас иргэдээ дэмжихээр ажиллаж байгаа. Ипотекийн зээл олгох журамд өөрчлөлт оруулж, орон сууцны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувийг төр батлан даах асуудалд иргэд эргэлзээтэй хандаж байлаа. Учир нь төрийн дэмжлэгийг өөрт ашигтай, иргэдэд халтайгаар эергээр “бизнес ухаан” сөргөөр “бизнес заль” ашиглах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байгаа.
Ямх ямхаар ч болов ханш нь буурсан орон сууцны үнэ дахин хөөсрөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Урьдчилгаа 30 хувиа төлөөд орон сууцанд хамрагдах иргэдийн тоо ханасан гэсэн тооцоолол гарчээ. Тэгвэл 10 хувиа төлөөд орон сууцанд хамруулах сургаар бизнесийнхэн үнээ нэмчихнэ. Учир нь зах зээлийн ханшийг хэн ч барьж, тогтоож чаддаггүй бичигдээгүй хуультай. Үүнд салбарын сайд “30 гаруй мянган орон сууц илүүдэл нийлүүлэлттэй байгаа. Барилгын нийлүүлэлт илүүдэлтэй байгаа үед үнэ өсөх боломжгүй” гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ Засгийн газар үнийг барихад ч анхаарч байгаа бололтой.
Найман хувийн орон сууцны зээлийн журамд оруулах өөрчлөлтөд орон сууцны талбайд 80 ам.метр гэж босгыг чөлөөлж байгаа ч худалдан авах үнэ ханшид зохицуулалт хийх аж. Барилгын салбарынхан орон сууцны ханшаа хэрхэн тогтоох нь тэдний хэрэг. Зах зээлийн үнэ ханшид нь төр нөлөөлөхгүй.
Энэ нь иргэдийн хаширлаж, эмзэглээд байгаа орон сууцны үнийг барих төрийн бодлого шингэж байгаа аж. Төр, засгийн бодлогоор хэрэгжиж байгаа “20 хувийг нь төр батлан дааж, 10 хувийн урьдчилгаа төлж, найман хувийн зээлд хамрагдах” иргэдэд худалдан авах орон сууцны үнэ ханшинд нь тодорхой босго тавих сурагтай. Цаашлаад зээлд хамрагдах банкны шалгуурт ч өөрчлөлт орох юм билээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ