Эзэнгүй ширээ

Эрх чөлөөний талбайн баруун хэсэгт эгнүүлэн зассан сурагчийн ширээ, дэвтэр, үзэг, бяцхан хүү, охины сандал, бамбарууш, гөлөгний хэлбэртэй хөөрхөн тоглоомууд эзэнгүй. Эзэд нь тэнгэрийн оронд одсон. Хэн нэгний хариуцлагагүй үйлдэл, болгоомжгүй байдал, эцэг, эхийн анхааралгүй, хайрамжгүй байдлаас болж.
Хэдэн сарын, хэдхэн хоногийн өмнө гэнэн цагаан сэтгэлдээ аюулын тухай бодолгүй, хаанаас хэн гэгч согтуу жолооч, хурдан хэтрүүлсэн этгээд гарч ирээд аминд нь хүрчихнэ чинээ саналгүй бидний дунд тоглож наадан, цайлган инээдээрээ хорвоог мишээлгэж явсан.
Хэдэн сарын, хэдхэн хоногийн өмнө гэнэн цагаан сэтгэлдээ аюулын тухай бодолгүй, хаанаас хэн гэгч согтуу жолооч, хурдан хэтрүүлсэн этгээд гарч ирээд аминд нь хүрчихнэ чинээ саналгүй бидний дунд тоглож наадан, цайлган инээдээрээ хорвоог мишээлгэж явсан.
Өнөөдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жил бүрийн энэ өдрийг сонгон хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний дуу хоолойг томчуудад хүргэх ажил явуулж, зам тээврийн ослоор амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаа билээ.
Өнгөрөгч 2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртснөөс 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтсэн байна. Энэ үзүүлэлтийг харахад өмнөх оныхоос хүүхэд нас барсан тоо 11, гэмтсэн тоо 36-аар нэмэгджээ.
Харин энэ оны гурван сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 44 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Үүнээс нийслэлд гурван хүүхэд нас барж, 200 хүүхэд гэмтжээ.
Энэ өдрийн арга хэмжээнд оролцож байгаа нийслэлийн ерөнхий боловсролын 50, 24, 57 дугаар сургуулийн сурагчид, 9 дүгээр цэцэрлэгийн бяцхан хүмүүжигчид “Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе”, “Монголчууд бид цөөхүүлээ”, “Жолооч таны гарт бидний ирээдүй байна”, “Ахаа та дүрэм зөрчихөө болиоч” зэрэг үгтэй лоозон барьж, уриа хэлж “Эрх чөлөөний талбай”-г бүтэн тойрсон. Энэ онд гурван саяулаа болсон, олуулаа болох уриатай бидний дундаас 11 бяцхан зүрх зогсов.
Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад хичээл, тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, замын автомашин зорчих хэсгээр явах, утсаар ярих зэргээр хөдөлгөөнд оролцсноос болж зам тээврийн осолд өртдөг байна.
Энэ тэдний замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, сургууль цэцэрлэг орчмын зам нь хүүхдийг хөдөлгөөнд аюулгүй оролцуулах нөхцөл бүрдээгүй, эцэг, эх, асран хамгаалагч нар нь хүүхдээ хэрхэн сургууль, цэцэрлэгтээ очихдоо ямар замаар явдгийг мэддэггүй, ганцааранг нь хөдөлгөөнд оролцуулдагтай шууд холбоотой. Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, сахилгагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлстийн мэргэжилтэн н.Амаржаргал анхааруулсан.
Хүүхэд замын хөдөлгөөнд дүрэмгүй оролцох нь тэдний эцэг, эх, асран хамгаалагч хүүхэдтэйгээ явж байхдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар заавар зөвлөгөө өгдөггүй, өөрсдөө зөрчдөг, буруу үлгэр дуурайлал үзүүлдэг зэрэг нь хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь насаа алдах, гэмтэх нөхцлийг бий болгож байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зарим багачуудын зарим нь “Аав, ээж замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг зааж өгдөггүй” гэж ярьсан. Гэхдээ тэд ногоон гэрлээр зам хөндлөн гарахыг, зам дээр бөмбөг тоглож болохгүйг мэднэ гэнэ лээ.
Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй зарим багачуудын зарим нь “Аав, ээж замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг зааж өгдөггүй” гэж ярьсан. Гэхдээ тэд ногоон гэрлээр зам хөндлөн гарахыг, зам дээр бөмбөг тоглож болохгүйг мэднэ гэнэ лээ.
Тэднийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэдгийг Замын цагдаагийн газраас онцолж байна.
- Дүүрэг бүрт хамгийн эрсдэлтэй ерөнхий боловсролын 5 сургуулийн орчныг “сургуулийн бүс” стандартын дагуу иж бүрэн тохижуулах,
- ЕБС-ийн сурагчдыг тээвэрлэх “Сургуулийн автобус” стандартын шаардлага хангасан хүүхдийн автобусны тоог хоёр дахин нэмэгдүүлэх.
- Дүүрэг бүрт сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, зөв дадал багаас нь эзэмшүүлэх, сургах зорилготой “Мини замын хөдөлгөөн хотхон байгуулах”,
- “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хичээлийг ЕБС-ийн заавал үзэх хичээлийн хөтөлбөрт оруулах
- Хүүхэд зам тээврийн осолд эцэг, эх асран хамгаалагч, багш ажилтний хараа хяналтад байхдаа өртсөн тохиолдолд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш ажилтанд хариуцлага оногдуулдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх
- Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны гадна болон дотор талд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх хууль, дүрэм, санамж сэрэмжлүүлгийг тогтмол байршуулдаг байх.
- Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж багаа нийтийн тээврийн хэрэгсэл, такми компаниудын тээврийн хэрэгсэлд хүүхдийг тээвэрлэх зориулалтын хамгаалах суудал, хамгаалах бүс, бүсний тохируулагч, суудал өндөрсгөгч зэргийг байрлуулж, хүүхдийг зөв аюулгүй тээвэрлэх нөхцлийг хангах нь чухал байгааг онцолжээ.
“Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т оролцсон томчууд, хүүхэд багачууд зам тээврийн ослын улмаас нас барсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж эзэнгүй ширээн дээр, эзэнгүй тоглоомын хажууд зул өргөж, Жанчивдэчинлэн хийдийн лам нар, ном айлдав. Үе үехэн исгэрэх хаврын салхинд нэргүй дэвтрийн хуудас хийсч, жижигхэн улаан сандал дээрх хөөрхөн тоглоом ганцаардана. Жолооч нар аа, эцэг, эхчүүдээ хүүхдээ хайрлая.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ