Шилдэг гэр бүлүүд байрны урьдчилгаатай болжээ

img

Хэнтий аймаг дахь Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “Эрч хүч-эв нэгдэл-нийгмийн асуудал-эрэл шийдэл” уриатай “Шилдэг гэр бүл- шинэ байранд” зорилтот реалити шоуны ялагчид тодорчээ.

 

Тус арга хэмжээнд Хэрлэн сумаас найм, Батноров, Дархан, Баян-Овоо сумдаас нэг нэг буюу нийт 11 хос оролцсон байна. Тусгай байранд буюу нэг өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 15 хувь чөлөөлөх 5.4 сая төгрөгийн эрхийн эздээр Б.Лхагвахатан, М.Алтанчимэг, Б.Төрмөнх, Б.Солонго нарын хосууд шалгарсан аж. Гуравдугаар байр хоёр өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 20 хувь чөлөөлөх 10.6 сая төгрөгийн эрхийн эздээр А.Баяржаргал, С.Сумьяа тодорчээ.

 

Дэд байр хоёр өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 25 хувь чөлөөлөх 13.2 сая төгрөгийн эрхийн эздээр Т.Хишиг-Эрдэнэ, Б.Анхцэцэг нар шалгарсан аж. Тэргүүн байр буюу хоёр өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 30 хувь чөлөөлөх 15.9 сая төгрөгийн эрхийн эздээр Т.Алтаншагай, Д.Чулуунцэцэг нарын гэр бүл шалгарчээ.

 

Энэ үеэр зохион байгуулагч Хэнтий аймаг дахь Залуучуудын холбооноос бас нэгэн гэнэтийн бэлгийг хосуудад барьсан нь байр эзлээгүй ч тус реалити шоунд амжилттай оролцсон үлдсэн бүх гэр бүлүүдэд нэг өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 10 хувь чөлөөлөх эрхийн бичгээр шагнаж урамшуулсан байна. Мөн хөдөө орон нутгаас ирж амжилттай оролцсон Дархан, Батноров сумын хосуудад гадаадад аялах эрхийн бичиг гардуулан өгчээ.

 

Ийнхүү Хэнтий аймгийн 11 шилдэг гэр бүл Чингис хотноо баригдсан “Бишрэлт түмэн хан” ХХК-ийн шинэхэн байранд орох эрхийн эзэд болцгоолоо. Тус үйл ажиллагааг Хэнтий аймгийн ЗДТГ, Ардчилсан нам, ХААН банк, ДЗМОУБ, Хэнтий, Өндөрхаан тв зэрэг олон байгууллага дэмжиж хамтран зохион байгуулсан аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Сайхан ажил хийжээ.
2015-04-12