Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр иргэдэд боломж олгоно

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч, НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгстэй ярилцлаа.
-Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн зорилго чиглэл, хамрах хүрээний талаар тодорхой мэдээлэл өгөөч. Олон нийт нийслэл хот дэд төвүүдтэй болох юм байна гэсэн ерөнхий ойлголттой л байгаа?
-2013 онд УИХ-аар батлагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг 29 дэд төвтэй байхаар тусгасан. Үүнээс үүдэн энэхүү төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлэх эрхзүйн орчин бүрдсэн юм. 29 дэд төвийн эхний 6-9 дэд төвийг байгуулахад Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Монгол Улсын Засгийн газраас санхүүжилт хийгдэхээр тогтсон. Энэ төслийн нийт санхүүжилт нь 320 сая ам.доллар, үүнээс Засгийн Газар 96 сая ам.долларыг гаргахаар гэрээнд тусгасан байгаа. Харин үлдсэн санхүүжилтийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн сангуудаас урт хугацааны хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хөрөнгө оруулахаар болсон.
-Дэд төв байгуулах ажлын хүрээнд чухам ямар ажлууд хийгдэх юм бол. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг байгуулна гэж хөтөлбөрт тусгасан байсан?
-Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг хамгийн эхэнд гэсэн нь тодорхой учир шалтгаантай. Азийн хөгжлийн банк судалгаа явуулаад ямар байршлуудад дэд төв байгуулахыг сонгосон бөгөөд ингэхдээ хүн амын нягтаршил өндөр, гэр хорооллын бүсэд байгуулах нь зөв гэж тэд үзсэн. Тухайлбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг хооронд нь авто замаар холбох бүрэн боломжтой газар зүйн байршилтай гэж үзсэн.
Дэд төвүүдийг байгуулснаар тухайн гэр хороолол орчимд төрийн үйлчилгээ болон дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Ингэснээр иргэд заавал хотын төв рүү ирж төрийн үйлчилгээ авах шаардлагагүй болно. Хоёрдугаарт, айл өрхүүдэд дэд бүтэц ойртуулж өгснөөр иргэд байшин барих уу, хамтаараа нийлж орон сууц барих уу гэсэн шийдлээ өөрсдөө гаргах боломжийг бүрдүүлж өгөх юм.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гадна мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв хоёр, цэцэрлэг хоёр, 8.4 Мвт хүчин чадалтай уурын зуух тав, хорооллын доторх авто замын сүлжээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, зэрэг ажлууд цогцоороо хийгдэх юм. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тухайн бүсэд амьдарч буй иргэдийг хамруулна. Цаашид бүтээн байгуулалтын ажил хийх аж ахуй нэгжүүдийг, тус төвд суралцсан иргэдийг ажлын байраар хангах шаардлага тавьж байгаа. Ингэснээр тухайн бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах орчныг сайжруулахаас гадна тогтвортой ажлын байраар нь хангана гэсэн үг.
-Эдгээр дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм болов уу?
-Төслийн нэгдүгээр үе шат 2014-2017 оны хооронд хэрэгжинэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тодруулбал, эхний шатанд Сэлбэ, Баянхошуу дэд төв, дараагийн ээлжид Хайлааст, Дэнжийн мянга орчмын хоёр дэд төвийг байгуулах юм. Одоогоор нарийвчилсан зураг төсөл тендерийн баримт бичиг боловсруулах болон барилгын ажлын хяналт гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ маань шалгараад байна.
Нэгдүгээр үе шатны ажлын явцад нийслэлээс 50 айлын хоёр орон сууц барих юм. Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж буй айлуудыг тухайн байранд түр байршуулах зорилготой бөгөөд дээрх айлуудыг одоо амьдарч байгаа амьжиргааны төвшинг нь бууруулахгүйгээр хэрхэн нүүлгэн шилжүүлж суурьшуулах асуудлыг шийдвэрлэх юм. Нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдаж буй айлууд гэдэгт, дэд төвүүдэд шинээр баригдах барилга байгууламжийн газарт орсон айлууд багтах юм.
Одоогоор Баянхошуунд баригдах орон сууцны бүтээн байгуулалт эхэлсэн. Сэлбэ дэд төв дээрх орон сууцны тендер зарлагдаад байна. Мөн хоёр дэд төвд бохирын хоолой тавих ажлын тендер зарлагдлаа. Энэ ажлын хүрээнд нийт 9 км ариутгах татуургын хоолой тавина. Сэлбэ дэд төвийн бохирын хоолой нь Долоон буудлаас Зуун айл хүртэл, харин Баянхошуу дэд төвийнх Баянхошууны эцсээс Ханын материал хүртэл татаж, тэндээ төв шугамд холбохоор зураг төсөл нь батлагдаад ажил нь эхлэх гэж байна.
-Тендерт дотоодын компаниуд оролцох боломжтой юу?
-Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор анхны тендерийн ажил зарлагдсан. Азийн хөгжлийн банкны зүгээс зээл авч буй тухайн улсын дотоодод зарлах тендер болон олон улсын тендерт тавьдаг босго үнийн шалгуураа шинэчилсэн. Тодруулбал, 5 сая ам.доллараас дотогш үнэтэй ажил болон 2 сая ам.доллар хүртэлх үнийн дүнтэй барааны худалдан авалтын тендерт дотоодын компаниуд оролцох боломж нээгдсэн. Иймээс тендерт дотоодын компаниуд оролцох бүрэн боломжтой. Сонгон шалгаруулалтын хувьд Азийн хөгжлийн банкны худалдан авах журмын дагуу явагдана.
-Гэр хорооллын бүсэд дэд бүтцийн асуудал шийдэгдчихээр газрын үнэ өснө. Тиймээс нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдах айлууд газраа үнэ хүргэх сонирхол хэр байгаа бол?
-Одоогоор ариутгах татуурга буюу бохирын шугам тавих тендер зарлагдсаны зэрэгцээ нүүлгэн шилжүүлэлтийн баг ажиллаж байна. Баянхошуу дэд төвд 121 айл, Сэлбэд 29 айл нүүлгэн шилжүүлэлтэд өртөхөөр байгаа юм. Бид тухайн өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж хөтөлбөрөө танилцуулсан. Айлуудтай уулзаж үнэлгээ хийх ажил явагдаж байна. Бүх айлтай хэлцэл хийж тохиролцсоны дараа нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг эцэслэн батална.
Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкнаас газар чөлөөлөх явцад мөрддөг журамд, тухайн айл өрхүүдийг одоо байгаа амьжиргааны төвшнөөс бууруулж болохгүй гэж заасан. Энэ хэмжээнд нь нөхөн төлбөрийг нь ч олгох ёстой. Иймээс ч бид тухайн айл тэр газартаа зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй буусныг нь үл харгалзан нөхөн төлбөр олгох ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж ажиллаж байна.
-Нэгдүгээр үе шатны ажил төлөвлөсөн хугацаандаа багтах уу?
-Өнөөдрийн байдлаар хугацаанаасаа хоцроогүй ажил хэвийн үргэлжилж байна. Тиймээс 2017 оны нэгдүгээр сард эхний үе шатны ажлыг дуусгахаар төлөвлөсөн тэр хүрээндээ ажиллаж байна.
-Засгийн Газраас санхүүжүүлэх 96 сая ам.долларыг ямар эх үүсвэр, шат дамжлагаар олгохоор төлөвлөсөн юм бол. Эдийн засаг хямралтай байгаа шүү дээ?
-Одоогоор батлагдаад буй 320 сая ам.доллароос хөтөлбөрийн эхний үе шатанд 104 сая ам.долларыг зарцуулахаар төсөвлөсөн. Үүний 22,4 сая ам.долларыг зээлийн ерөнхий хэлэлцээрт хүлээсэн үүргийнхээ хүрээнд нийслэл өөрийн төсөвтөө суулгаад явж байна. Энэ жилийн хувьд ямар нэгэн санхүү мөнгөний хүндрэл гарахгүй гэж ойлгож болно. Иймээс ч Азийн хөгжлийн банкнаас ирсэн хяналтын баг нийслэл өөрийн хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн төдийгүй төслийн нэгжийн үйл ажиллагааг сайн байна гэж дүгнээд буцсан.
-Дэд төвүүдийг байгуулах ажлын хүрээнд эрчим хүчний асуудал яригдана. Тиймээс эрчим хүч, дулааны шинэ хэрэглээг ямар эх үүсвэрээр хангахаар төлөвлөсөн юм бэ?
-Сэлбэ дэд төвийн хувьд цахилгааны эрчим хүч бүрэн шийдэгдсэн. Одоо байгаа эх үүсвэрээс холболт хийх бүрэн боломжтой. Харин Баянхошуу дэд төвийг Ханын материалд баригдах дэд станцаас холбох аль эсвэл МҮОНРТ-ийн хажууханд баригдсан дэд станцаас холбох гэсэн шийдлүүд хариугаа хүлээж байгаа. Харин дулааны хувьд, дээр ярьсанчлан бие даасан уурын зуух барихаар төлөвлөсөн.
-Энэ хөтөлбөр нийслэл хотын гэр хорооллыг дахин төлөвлөх төслөөс юугаараа ялгаатай юм бэ?
-Дахин төлөвлөлт болон дэд төв байгуулах төслүүдийн үйл ажиллагааны механизм нь ондоо. Гэхдээ хүрэх үр дүн нь ижил. Энэхүү хөтөлбөр бол хүн суурьтай төв байгуулах явдал. Хөтөлбөр хэрэгжиж дууссанаар тухайн бүсэд амьдарч буй иргэн бүрийн амьжиргааны төвшин одоо байгаа төвшнөөсөө хэдий хэмжээгээр дээшлэв гэдгийг хэмжиж үр дүнгээ тодорхойлно. Тодруулбал, иргэдийн амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ амьжиргааны эх үүсвэр, санхүүгийн нөөц бололцоог тэлэхэд голлон анхаарах юм. Санхүүгийн гэсэн томьёололд иргэдэд мэргэжил эзэмшүүлж, тогтвортой ажлын байраар хангах асуудлыг хамааруулан ойлгож болно.
-Сонгуулиас сонгуулийн хооронд улс орны хэмжээнд хэрэгжиж байсан томоохон төсөл хөтөлбөрүүд зогсонги байдалд орчихдог жишиг тогтоод удаж байна. Зөвхөн уул уурхай гэлтгүй нийгмийн хөгжил, дэд бүтцийн салбарт хийгдэж буй хөтөлбөрүүд ч мөн адил. Танай дэд төв байгуулах хөтөлбөрийг 2016 оны сонгуулиар зогсонги байдалд орчих юм биш биз?
-Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нийслэл хотын бие даан хийж байгаа анхны томоохон төсөл хөтөлбөр юм. Энэ төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн төсөл хөтөлбөр УИХ-аар соёрхон батлагдсан. Ийм учраас сонгуулиас сонгуулийн хооронд мартагдаж зогсонги байдал орохгүй гэдгийг хэлмээр байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ