Тавантолгойг “эвдэхгүй”-гээр хэлэлцүүлэхээр ярилцжээ

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийсэн юм.
АН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, мэдээлэл хийсэн байна. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл хийжээ. Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж 1400 орчим түрээсийн байр барихаар шийдвэрлэсэн. Мөн улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас тодорхой чиглэл гаргаж Эрүүл мэнд, спортын яам болон Онцгой байдлын газарт чиглэл өгөн ажиллаж байгаа аж.
Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссоноос гадна бүлгийн хурлаар гишүүд энэ долоо хоног байнгын хороо болгон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар ярилцаж саналаа нэгтгэсэн байна. Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн дэмжлэг чухал шаардлагатай тул ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүний дагуу Төсвийн тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх хувийг орон нутагт төвлөрүүлэхээр хэлэлцэж байгаа аж. Одоо мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 70 хувийг Хүний хөгжил санд, таван хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилдаг бол шинэчилсэн хуулиар Хүний хөгжил санд 65 хувийг, орон нутагт 30 хувийн орлого төлөх юм. Бүлгийн гишүүд уг хуулийн төслийн талаар ярилцаад орон нутаг төвлөрүүлж байгаа хөрөнгийг чухам ямар зүйлд зарцуулах талаар тодорхой заалт оруулах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Тодруулбал уг хөрөнгийг зарцуулахад туайн орон нутгийн иргэдийн саналыг авч байх ёстой бөгөөд аливаа улс төрийн, Үндэсний баяр наадмаас бусад баяр, ёслолын арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудад зарцуулахыг хориглох юм байна.
“Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж эрчим хүч болон төмөр замын салбарт авсан зээлийг улсын өрд хамруулахгүй байх асуудал юм. Энэ талаар бүлгийн гишүүд мөн санал нэгдсэн бөгөөд энэ салбаруудад авч байгаа төслийн зээлийг тухайн аж ахуйн нэгж, банк өөрсдөө хариуцдаг учраас төрд ямар ч хамаарал ирдэггүй. Тиймээс улсын өрд хамруулахгүй байж болно” хэмээн үзсэн гэж УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж мэдээллээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Бүлгийн хурал дээр улаанбурхан өвчний талаар мэдээлэл сонссон гэлээ. Улаанбурханы өвчлөл хэр байгаа бол?
Улаанбурхан өвчин устсан гэж байсан ч дахин сэдэрлээ. Вакцинжуулалт муугаас болж энэ өвчин дэгдсэн. Одоогийн дэгдэлтийг нь намжаахад хэрэгтэй эм, тарианаас эхлээд бүхий л зүйлээр хангаж ажиллахыг Онцгой байдлын газар болон Эрүүл мэнд, спортын яаманд үүрэг болголоо.
Уул уурхайгаас олсон мөнгийг орон нутгийн хөгжлийн санд оруулахдаа юунд захиран зарцуулахыг тодорхой зааж өгсөн болов уу?
Уул, уурхайгаас орж ирсэн ямар ажилд зарцуулах саналыг сумын иргэд гаргана. Сумын иргэдийн саналыг хэлэлцэж, хэрэгжүүлээд явна. Харин улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, үндэсний баяр наадмаас бусад арга хэмжээ, иргэдийн саналыг тусгаагүй зүйлд тус мөнгийг хэрэглэхийг хориглосон байгаа. Мөн ямар нэгэн өр зээлийн төлбөрт төлөхгүй. Уул, уурхайн том төслүүдээс орж ирэх мөнгө улсын төсөвт орж ирдгээрээ ирнэ. Харин зарим хөрөнгө төсөв рүү бус орон нутаг руу орно.
Төсөв рүү ордог мөнгө орон нутгийн сан руу орохоор төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?
Төсөвт нөлөөлөхгүй. Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа орон нутагт мөнгө нь орж иргэдэд нь ашигтай байх хувилбар гарч ирнэ.
Бүлгийн өнөөдрийн хурал дээр Тавантолгойн асуудлаар дахин ярилцсан уу?
Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэнэ.
АН-ын бүлэг Казиногийн хууль дээр байр сууриа нэгтгэсэн үү?
АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ хуулийг батлахад буруудахгүй гэж байгаа. АН-ын гишүүд өөр, өөрийн байр сууринааас хандана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ