Буянт-Ухаа1 хорооллын иргэдийн асуудлыг шийднэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт ухаа-1 хороололд нийт 6000 гаруй иргэн амьдарч байгаа аж. Ингэснээр тус дүүргийн 16-р хороо нь 25 мянга орчим иргэнтэй болж ачаалал нь нэмэгдсэн байна. Хүн ам ийнхүү нэмэгдсэнээс төрийн зарим үйлчилгээ хүлээгдэх, ачаалал ихсэх зэрэг хүндрэлүүд гарч эхэлсэн байна.
Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, замын гарц тэмдэг тэмдэглэгээ гэх мэт шийдвэрлэх асуудал олон байгаа аж. Энэ талаар тус хорооны иргэд Хан –Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Буяндалайд мэдэгдсэн байна. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус дүүргийн холбогдох албаныхан болон нийслэлийн орлогч Ц.Буяндалай иргэдтэй уулзаж оршин суугчидтай уулзаж асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан юм.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Буяндалайгаас тодрууллаа.
-Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ямар асуултыг түлхүү тавьж байна вэ?
-Буянт Ухаа 1 орон сууцны хороолол ашиглалтад орсноор энэ бүсэд нэг хороо нэмэгдсэнтэй адил ачаалал нэмэгдлээ. Иймээс хуучин байсан дэд бүтэц нь ачаалал дийлэхээ больж байна. Дэд бүтэц гэсэн ойлголтод автобусны буудал, автобусны хүртээмж чиглэл мөн сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн үйлчилгээ багтаж байгаа юм. Тиймээс иргэд орон сууцны хэрэгцээгээ шийдсэн боловч төрийн болон нийгмийн үйчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй авах нь асуудал дагуулж байна. Үүнийг шийдэж өгөхийг хүслээ.
-Асуудлыг хэрхэн зохицуулж болох талаар шийдэлд хүрсэн үү?
-Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Авто замын газруудаас төлөөлөл ирж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх арга замуудын талаар хамтдаа ярилцлаа. Иргэдэд тулгамдаж буй асуудлаас нийслэлээс бие даан шийдэх боломжтой асуудлыг тодорхойлж ойрын хугацаанд ажил хэрэг болгоно гэдгээ ярилцлаа. Үүнд авто замын хурд сааруулагч байрлуулах, автобусны хүртээмж, чиглэлийг нэмэгдүүлэх ажлууд багтах юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ