Гадаадад буй иргэдэд туслах сан хангалтгүй байгаа

Манай улсын иргэд гадны оронд амь насаараа хохирох явдал сүүлийн үед нэлээдгүй гарах болсон. Гадны оронд амьдарч буй иргэдийнхээ аюулгүй байдалд ГХЯ-аас хэрхэн анхаарч байгаа тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс тодруулав.
-Он гарснаас хойш гадаадад амьдарч байсан манай улсын цөөнгүй иргэний амь нас хохирчээ. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Он гарсаар манай улсын 30 орчим иргэн гадаадад эндчихлээ. Бидний зүгээс гадаадад суугаа Элчин сайдын яам, Консулын газартаа тэргүүн зэрэгт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад идэвхтэй, шинээр ажилла гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн манай иргэдийн өөрсдийнх нь хариуцлагын асуудал яригдана. Гадны аль нэг оронд зорчиж, ажиллаж, амьдарч байгаа бол тухайн орныхоо хууль дүрмийг сахих ёстой. Хэт удаан хугацаагаар ажиллаж ядархгүй байх зэргээр өөрийн аюулгүй байдлаа хангах хэрэгтэй.
-Ер нь манай улсын хэдэн иргэн гадаадад амьдардаг юм бэ. Тэдэнд шаардлагатай үед туслах сан байдаг биз дээ?
-Манай 120-иод мянган хүн гадаадад амьдардаг гэсэн судалгаа бий. Гадаадад байгаа иргэдэд туслах сан гэж байдаг. Гадаадад байгаа иргэд мөнгө төгрөггүй болоод эх орондоо яаралтай буцах бол тусалдаг. Гэхдээ тус сан төсвийн байдлаас болоод хангалтгүй байна. Мөн хүн хүчний хувьд ч гэсэн. Гадаад хэргийн яам ч ялгаагүй хүн хүч дутагдалтай байгаа. Үүнийг Засгийн газар дээр удаа дараа ярьж байгаа. Энэ дээр асуудлын харах зүйлүүд бий
-Малайзад амь насаа алдсан Ш.Алтантуяагийн хэргийн шийдвэрлэлтийн асуудалд анхаарч байгаа юу?
-Бид энэ асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Би талийгчийн аав Шаарийбуу гуайтай удаа дараа уулзсан. Дээрээс нь үнэхээр энэ асуудал дээр Малайзын дотоод хууль эрх зүй болдоггүй юм бол олон улсын хэмжээнд хэрхэн ажиллахыг судлах зэргээр арга хэмжээ авч ажиллаж байна.
-Өнгөрөгч ням гаригт Малайзад нас барсан эмэгтэйн асуудалд?
-Энэ асуудлыг нөгөө талын цагдаагийн газар шалгаж байна. Амиа хорлосон эсвэл гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тодруулсан эцсийн хариу ирээгүй байгаа.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ