Немцовын гэр музейг байгуулна

Оросын улстөрч Борис Немцовын Москва хотноо байрлах гэрт нь түүний амьд ахуйдаа хийж бүтээж байсан ажлууд болон гэрэл зургаар нь гэр музей байгуулахаар болжээ. Түүний охин Жанна Немцов “Оросын ард түмэн аавыг минь мартаж болохгүй. Энэ музей бүх хүнд нээлттэй. Үнэ төлбөргүй. Миний аав энгийн нэгэн байгаагүй учир өнөөдөр энэ ертөнцөд байхгүй байна. Аавд минь итгэл хүлээлгэж байсан хүмүүст баярлалаа. Тун удахгүй аавыг минь жинхэнэ утгаар өгүүлэх музей нээлтээ хийх болно” гэж ярьжээ.
Москва хотноо байх Немцовын байр нь таван өрөөтэй бөгөөд улстөрчийг амиа алдсны дараа цагдаагийнхан хамгаалалтад авсан юм. Жанна аавынхаа үхэлтэй холбогдуулан баригдаад буй хүмүүстэй уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт сонсчээ. Тэрбээр мөн Киев хотноо байгаа аавынхаа найз бүсгүй гэгдэх Украины загвар өмсөгч Анна Дурицкаятай уулзахыг хүсч, тус улсын Гадаад хэргийн яаманд хүсэлтээ илгээсэн байна.
Загвар өмсөгч бүсгүй ирэх долоо хоногт Москва хотноо ирж, мэдүүлэг өгөхөөс гадна баригдсан таван этгээдийг таниулах ажиллагаанд оролцох юм. Баригдсан таван этгээдийн гурав нь өнөөдрийг хүртэл Немцовын аминд хүрээгүй хэмээн мэдэгдсээр байна.
Жанна, Немцовын том охин бөгөөд одоо 25 настай юм. Тэрбээр Лондонд хуулийн чиглэлээр суралцдаг аж. Аавынхаа үхлийн дараагаас Москвад байх болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ