Түймэрт өртөн орон гэргүй болсон 22 айлд гэр өгнө

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2015 оны 4 дүгээр сард гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авах ажлын хэсгийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар байгууллаа.
Сумдад гарсан хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох зорилгоор Улсын нөөцөөс орон гэргүй болсон 22 айл өрхөд гэр олгох асуудлыг шийдвэрлэв. Мөн хээрийн түймрийн улмаас хорогдсон малын тоо толгойг тодорхойлох, малчид, иргэдийн эд хөрөнгө болон байгаль экологид учирсан хохирдыг тогтоох, хор уршгийг арилгах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах, түймрийн шалтгаан, эзэн холбогдогчдыг тогтоох ажлыг эрчимжүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шуурхай зохион байгуулахыг Улсын Онцгой комиссын дарга үүрэг болгожээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар ажиллах бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр зүүн аймгуудыг зорьсон бөгөөд гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шуурхай удирдлагаар ханган ажиллана.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ