“Севол”-ыг эргэн дурсахуй

Яг жилийн өмнө Өмнөд Солонгосын “Севол” нэртэй аяллын хөлөг онгоц Инчоноос Чежү арлыг зорьж явахдаа живсэн юм. Онгоцонд багийн 15 гишүүнээс гадна 14-19 насны 470 хүүхэд зорчиж явж байжээ. Харамсалтай нь ослоор 304 зорчигч амиа алдаж, 170 зорчигч амьд үлдсэн. Амиа алдсан зорчигчдын ихэнх нь Данвон ахлах сургуулийн сурагчид байсан юм. Ослын шалтгаан нь даац хэтрүүлсэн, ачааны хэсэгт хоёр их дахин ачаа ачиж явсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон билээ. Олон улсыг айдаст автуулсан энэхүү ослын гол буруутнаар “Севол” хөлгийн ахмад Ли Жүн Сёк нэрлэгдсэн. Тэрбээр хөлөг живж эхлэхэд “Зорчигчдыг байрнаасаа хөдөлж болохгүй. Удахгүй аврагчид ирнэ” хэмээн хэлээд хөлгийг орхин гарсан юм. Ослын дуудлагын дагуу ирсэн тусламжийн нисдэг тэрэг ахмадыг хамгийн эхэнд аварч, аюулгүй газар авчирсан билээ. Ахмад аврагчдад өөрийгөө “Севол”-ын зорчигч гэж худал хэлж, ослын газраас зугтаасан байна. Түүнийг ахмад гэдгийг 72 цагийн дараа тогтоосон бөгөөд цагдаа нар баривчилж, Сөүл хотноо авчирчээ.
Олон нийт, зорчигчдын ар гэрийнхэн ахмадыг ажлын хариуцлага алдсан, зорчигчдыг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй. Мөн амьд үлдэх боломжтой байсан зорчигчдыг байрнаасаа хөдлөхийг хориглосон хэмээн шүүмжилж, цаазаар авахыг шаардсан юм. Хөлөг осолдох үед ахмад амралтын өрөөнд амарч байсан бөгөөд жолоог түүний туслах нь барьж явжээ. Ахмад болон багийн гишүүдийн шүүх хурал өнгөрөгч оны сүүлээр Сөүл хотноо болов.
Шүүхээс ахмадыг ослын газраас зугтаасан, ажлын харицлага алдсан, зорчигчдын амийг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй, даац хэтэрснийг мэдсээр байж хөлгийг далайд гаргасан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 36 жил хорих ялаар шийтгэсэн бол багийн 15 гишүүнд 15-20 жилийн хорих ял тус тус оноосон юм. Ахмад ажлын хариуцлага алдсан хэмээн ял сонссон бол “Севол” хөлгийн эзэмшигч “Чонхажин Мэрин” компанийн удирдлагууд мөнгөний төлөө, хөлөгт хоёр дахин их ачаа ачиж, олон хүүхдийг амиа алдахад хүргэсэн хэмээн буруутгаж, эрэн сурвалжилж эхэлсэн.
Тус компанийн ерөнхийлөгч Ю Бен Ын өөрийг нь эрэн сурвалжилж эхэлсний дараа сураггүй алга болсон бөгөөд 45 хоногийн дараа Сөүлээс холгүй амиа алдсан байдалтай олджээ. Цагдаа нар түүний ах Ю Бен Еон, эхнэр Квон Юу Жа, том хүү Ю Дэ Гюн нарыг баривчилсан юм. Тэднийг “Чонхажин Мэрин” компанийн нэрээр мөнгө угаасан хэмээн буруутгажээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ тэднийг хуулийн дагуу шийтгэхийг шаардаж, “урвагчид” хэмээн мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч аврах ажиллагаанд биечлэн оролцож, бүхий л бололцоогоор туслалцаа үзүүлжээ. “Севол”-ын ослоос болж нийтдээ 80 гаруй хүнийг цагдаагийнхан баривчилж, өнөөдрийг хүртэл шүүх хурал үргэлжилж байна. Энэ сарын эхээр “Севол”-ын ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд 380 мянган ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр шийдвэрлэсэн бол амьд үлдсэн багш нарт 700 мянган ам.доллар, сурагчдад 480 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо.
Тэдэнгүйгээр өнгөрүүлсэн нэг жил
Их Британийн “ВВС” агентлагийн сурвалжлах баг Өмнөд Солонгосын Сөүл хотноо ажиллаж, “Севол” хөлгийн ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлтэй уулзжээ.
Би 17 настай хүүгээ алдсан
Сөүл хотын оршин суугч Шин Жум Жа, Жунг Хве Веом
“Севол”-ын ослоор би 17 настай хүүгээ алдсан. Энэ их уй гашууг үгээр илэрхийлж чадахгүй нь. Миний гэр бүлд тохиолдсон хамгийн том уй гашуу. “Севол” хөлөг сүйрлээ гэж сонсоод ахыгаа амьд үлдэнэ гэдэгт итгэлтэй байсан. Ахдаа итгэсэн ч даанч, амиа алдсан. Энэ бол миний ахын өрөө.
Үр минь биднийг орхиод явчихсан
Ансан хотын оршин суугч Ху Хеунг Хван, Пак Еун Ми
Энэ бол миний охин Ху Да Ёоны өрөө. Охин минь анх удаагаа аялалд яваад амиа алдсан. Би их гомдолтой байна. Хорвоод ганцаараа ирсэн мөртлөө аав, ээжийгээ орхиод ганцаараа дэлхийгээс явчихлаа.
Хорвоод ганцаараа үлдчихлээ
Ансан хотын оршин суугч Пак Юе Жи
“Севол” хөлгийн ослоор 14 настай Ёом Жи Ёонг гэх охиноо алдсан Пак Юе Жи байна. Таван жилийн өмнө Ёом Жи Ёонгийн аав үйлдвэрийн ослоор амиа алдсан. Би энэ хорвоод ганцаараа үлдчихлээ.
Ээжээ хайртай шүү гэсэн
Ансан хотын оршин суугч Ким Жу Хе
Миний охин Ле Сун Ми амиа алдахаасаа өмнө “Ээжээ хайртай шүү” гэх мессежийг илгээсэн. Энэ бол минийн охины өрөө. Би ослын дараа энэ өрөөнд амьдрах болсон.
Хүүгийнхээ өрөөг цэвэрлэж байна
Сөүл хотын оршин суугч Бин Ха Юнг
Энэ бол миний хүү Ким Ми Хвагийн өрөө. Би хүүтэйгээ өнөөдөр салах гүйцэтгэж, өрөөг цэвэрлэж, эд зүйлсийг нь хурааж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ