Мэрилин Монрог хөнөөсөн гэжээ

АНУ-ын Тагнуулын төв газарт ажилладаг байсан, экс тагнуулч Норман Хожес өөрийгөө холливуудын нэрт жүжигчин Мэрилин Монрогийн амийг хөнөөсөн жинхэнэ хэрэгтэн гэж мэдэгджээ. Өдгөө 78 настай Хожесийн биеийн байдал тун муу байгаа бөгөөд тэрбээр Монрогийн аминд хүрсэндээ өнөөдрийг хүртэл харамсч, гэмшиж явдгаа ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Норман Хожес “Би түүний аминд санаатай хүрээгүй. Энэ бол дээрээс ирсэн даалгавар байсан. Би одоо хүртэл харамсдаг. Хэрвээ түүний аминд хүрээгүй байсан бол... үнэхээр харамсч байна” гэж хэлжээ. Тэрбээр үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа АНУ-ын Засгийн газрын тушаалын дагуу 39 хүний аминд хүрсэн гэв. Тэдний нэг нь Монро гэнэ.
Түүнтэй ярилцсан сэтгүүлч “Танд энэ даалгаврыг хэн өгсөн юм бэ” гэж асуухад тэрбээр “Би гол эзнийг нь мэдэхгүй байна. Даалгаврыг миний дарга, хошууч Жеймс Хейворт өгсөн” гэж хариулжээ.
Хожес 1962 оны наймдугаар сарын 5-ны шөнийн 02.00 цагийн орчимд жүжигчний өрөө рүү нэвтэрч үхлийн тариа тариад, хэд хэдэн нойрсуулах эм дэргэд нь тавиад хэргийн газраас зугтаасан гэнэ. Монрог нойрсуулах эм их хэмжээгээр хэрэглэсний улмаас амиа алдсан хэмээн цагдаагийн газраас мэдээлж, хэргийг хаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ