”Бамбууш”-ийн “маргааш үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүнийг шалгажээ

img

МХЕГ-ын фэйсбүүк хаягаар хаяг шошгын зөрчилтэй буюу "маргааш үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг шалгаж өгөх хүсэлтийг нэгэн хэрэглэгчээс ирүүлсний дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ.

Худалдан авагч "энэ сарын 10-ны өдөр “Оргил" супермаркетаас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсан" гэж мэдээлсэн байна.

 

Шалгалт хийхэд тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн байсан ч шошго дээр 11-нд үйлдвэрлэснээр тэмдэглэсэн байсан аж. Үйлдвэрийн цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болжээ. Компанийн буруутай үйлдэлд холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.


Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа гэдэг нь хүнсний түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн огноо юм. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ хаяг, шошгололтод анхаарч, хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажилласнаар иргэд эрүүл, чанартай, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэхэд чухал нөлөөтэйг мэргэжилтэн онцлов.

 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

йыйй:
Монос-н чацарганатай үрэл хойтон үйлдвэрлэсэн байсан. Одоо манайд байж л байна. Хойтон жил л задалж иднэ дээ.
2015-04-17