Эх орон дуудаж байна

Өвс халиурч байсан тал нутаг үнс нурам болж, утаа уугиж, хярвас үнэртсэн дүр төрх дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчны хотноос алдсан гал түймэр болон дэгдэж, хил залгаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийг бараг бүхэлд нь бүрхээд байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Түмэнцогт сумын нутаг дэвсгэрийн 90 хувь нь түймэрт өртөөд буй. Замдаа таарсан болгоныг хуйхалж, хүрээгээ улам тэлсээр байгаа хээрийн түймрийг унтраах гэж онцгой байдлын албан хаагчид, цэргүүд, нутгийнхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Малыг ч үл хайхран нутгийн иргэдийн амь нас, орон гэрийг бүрэн бүтэн авч үлдэхийн төлөө бүтэн гурван өдөр, шөнө ажилласан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн хүчин мөхөсдөж байна.
Энэ л цаг үед эх орноо гэсэн хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй байна. Тэр дундаа эх орон гэж цээжээ дэлдэх дуртай хүмүүс энэ л цагт эх оронч гэдгээ харуулах шаардлагатай байна. Амнаасаа үг унагах бүртээ өвөг дээдсийн бидэнд үлдээсэн газар нутгийг бүрэн бүтэн авч үлдэх ёстой хэмээн номлодог хүмүүс эх орны нэг хэсэг нь шатаж, үнс нурам болоод буйг харж байгаа. Тиймээс хэлдэг үгэндээ эзэн болж, эх орон гэж хий хоосон орилогчид бус тэрний төлөө цохилох зүрхтэй, зүтгэх сэтгэлтэй гэдгээ харуулах хэрэгтэй байна. Энэ үг хас тэмдгээр чамирхаж, эх орон хэмээн орилдог элдэв бүлэглэлийн залууст илүү хамаатай. Ууланд авирч яваа нэгнийг өмнөө сөхрүүлж, гудамжинд яваа хятад, вьетнамуудад аархсанаар эх оронч болохгүй. Харин хэрэгтэй цагт, шаардлагатай газар нь эх орныхоо төлөө хүчин зүтгэж чадаж байвал эх орончид гэж өргөмжлөх үг ч багадна. Оюутолгой, Тавантолгой, Ноён уул хэмээн улс төржиж, хэдэн улстөрчийг ээрч суухаар тал хээр нутгийг минь түйвээж байгаа түймрийг унтраах ажилд гар бие оролцвол хялайх нүд, ширэв татах хандлага өөрчлөгдөж, жинхэнэ эх орончид хэмээн хүлээн зөвшөөрөгдөж болох юм.
Энэ бас улстөрчдөд ч хамаатай. Болоогүй зудыг зөгнөж, зам байсаар байхад цас малтаж зургаа даруулах нь рейтингээ өсгөх арга биш. Бас тэвэг тоглож, хүүхнүүдтэй наадахаас чухал ажил одоо л гараад байна. Эмнэлэг угаах нь ч дараа хийж болох ажил. Эх орноо элгэндээ тэвэрдэг хэмээн амаа мэдэхгүй цуурч, эгэл жирийн нэгэн болж жүжиглэн, хүний төлөө мэт царайлдаг эрхмүүд Сүхбаатарын талд очоод хаймар, хүрз бариад галыг сөрж зогсвол илүү гоё харагдана. Хүсээд буй нэр хүнд ч хөлөөр нэг хөглөрнө шүү дээ.
Тал нутаг шатаж байна. Сүхбаатарын гурван сум, Дорнодын Баян-Уул, Хэнтийн Баян-Адарга, Батноров зэрэг суманд гал дүрэлзэж байна. Мал амьдаараа хуйхлагдаж, 18 айл орон гэргүй болчихлоо. Хичнээн мал хуйхлагдаж, хэдэн гэр шатсаныг мөнгөн дүнгээр тооцож болно. Харин хэдэн зуун га-гаараа шатаж, үнс нурам болсон газар нутаг, бэлчээрийн хохирлыг юугаар ч хэмжишгүй. Энэ их гарз хохирлыг цааш улам нэмэгдүүлэхгүйн төлөө зүтгэх, жинхэнэ эх оронч гэдгээ харуулах “боломж” одоо л гараад байна. Эх орон дуудаж байна, эх орончид минь.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ