Порошенкотой найзлахыг хүсдэг

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр болсон шууд ярилцлагын үеэр Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн талаар ярьжээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Беларусын нийслэл Минкс хотноо зохион байгуулагдсан “Нормандын дөрвөл”-ийн уулзалтын үеэр уулзсанаас хойш өнөөдрийг хүртэл уулзаагүй гэдгээ Ерөнхийлөгч ярилцлагынхаа үеэр дурьджээ. Путин, Порошенко нар уулзалтын төгсгөлд 4-5 минут орчим тусдаа уулзаж, зарим асуудлаа хөндлөнгийн гэрчгүйгээр ярилцсан билээ. Энэхүү уулзалтын үеэр Порошенко, Путинд хандаж зүүн хязгаарын Донбассыг авч, оронд нь эдийн засгийн тусламж хүссэн хэмээн анхлан “Ройтерс” агентлаг мэдээлсэн билээ.

 

Нууц уулзалтаар юу ярьсан тухай Путинээс асуухад “Юу гэж эх газраа нэг улсад зүгээр өгөх билээ. Бид та нарын бодож байгаа шиг авах, өгөх асуудлаар ярилцаагүй. Зүгээр л Донбассыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлаар ярилцсан” гэж хариулжээ.

 

Путин мөн зүүн хязгаарт болж буй хямралыг зогсоохын тулд Порошенко гол үүргийг гүйцэтгэх ёстой хэмээн сануулаад “Ерөнхийлөгч, Украины гол хүний хувьд хямралаа хурдан зогсоо. Оросоос хүссэн үедээ тусламж хүсч болно. Үнэнийг хэлэхэд, би Порошенкотой найзууд болохыг хүсдэг” гэсэн байна.

 

Танхимд сууж байсан үзэгч “Порошенко барууны улстай нийлж, таныг муу хэлж байсан ч та Украины бүрэн бүтэн байдлын төлөө гэрээ байгуулахаар түүнтэй нэг ширээний ард суухдаа дургүйцдэггүй. Эх орныхоо хямралд таныг буруутгаж байгаа хүнийхээ нүд рүү ширтэж, ярихад ямар байдаг вэ. Мөн Порошенкогүйгээр хэлэлцээр хийхийг хүссэн үе бий юу” гэж асуухад Путин “Гэрээ хэлэлцээр хийхэд тэр хүн ямар байх нь хэнд ч хамаагүй. Би зөвхөн олонхийн төлөө хэлэлцээр хийж, амжилт олохыг л хүсдэг” гэжээ.

 

Тэрбээр “Украины зүүн хязгаарт болж буй хямралд намайг буруутгах хэрэггүй. Би үгүй л гэсэн бол үгүй л байдаг. Би амласандаа хүрдэг. Тиймээс Украины ард түмэн худал ухуулга мэдээлэлд автаж, тархиа угаалгах хэрэггүй” гэж хариулжээ.

 

Нэг үзэгч Путинээс “Порошенко Ерөнхийлөгчөөр сонгогдох үед та юу хийж байсан вэ” гэхэд “Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн явц надад сонирхолтой байсан. Би тэр үеийг сайн санахгүй байгаа ч сонгуулийг явцыг шууд ажиглаж байсан байх” хэмээжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bolor:
Aguu
2015-04-17
зочин:
Мундаг
2015-04-17