ОХУ-ын Хилийн албаны нохой сургагчид иржээ
2015-04-17

Хил хамгаалах байгууллагын нохойн алба үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой ирэх онд тохиох гэж байна. Энэ албаны үйл ажиллагааг идэвхижүүлэх үүднээс 2012 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албатай хамтарч ОХУ-ын нохой сургалтын төвд сургагч багш нарыг бэлтгэх хүсэлт тавиад тус ондоо есөн нохой сургагчийг ОХУ-ын Вязьма хотод дөрвөн сарын сургалтад хамруулсан байна. Ингэснээр 2013 оноос эхлэн сургагч багш нарыг давтан сургах, нэмэгдүүлэх сургалтууд явагдаж энэ онд 26 нохой сургагчийг бэлтгэх сургалт дөрөвдүгээр сарын16-наас эхэллээ.

 

Сургалт гурван сарын хугацаатай Баянчандмань дахь сургалт бэлтгэлийн цогцолборт үргэлжлэх юм. Энэ удаагийн сургалтад  ОХУ-ын Холбооны аюулгүй Байдлын албанаас нохой сургагч багш нарыг урьж оролцуулж байна. Энэ жил анх удаа харуулын нохойг бэлтгэн эхэлж байгаа бөгөөд сургалтыг харуулын, эрлийн чиглэлээр албаны нохойг бэлтгэхээр төлөвлөөд байна. Мөн энэ оны нэгдүгээр сард Монголын нохой судлалын холбоо болон Монгол туургатны уламжлалт нохой судлалын холбоотой хамтарч ажиллах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёр монгол банхарыг авч сургалтад хамруулахаар болжээ. Монгол банхар нь өөрийгөө тэжээх чадвартай, манай орны байгаль цаг уурд дасан зохицох чадвар нь илүү гэдгээрээ гадны немц, белги үүлдрийн нохойнуудаас давуу талтай байна.

 

Хилийн албаны нохой сургалтад Хил хамгаалах байгууллагаас нийт 26 нохой сургагч хамрагдаж байна. Тус сургалт нь Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаанд албаны нохойг үр дүнтэй ашиглах түүнчлэн эрлийн, харуулын ажиллагаанд ашиглах энэ ажилд шинэ алхам болно гэж үзэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин