С.Болдхэт: Казино байгуулах тендерийг нээлттэй явуулах ёстой

img

“Наран трэйд” группын Ерөнхийлөгч С.Болдхэттэй ярилцлаа.



-Казиногийн тухай хуулийг УИХ хэлэлцэхээр зөвшөөрч, анх­ны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байн­гын хороонд шилжүүлчихлээ. 1998 оны, сүүлд хүчингүй болсон хуу­­лийг батлахад та Парламентад сууж байсан. Асуудлыг тодорхой мэ­­дэх хүний хувьд, Монголд ка­зи­но байгуулах цаг нь болсон гэж үз­дэг үү?



-Казино бол валютын нөөцөө нэ­мэгдүүлэх нэг арга зам мөн. Гэхдээ маш болгоомжтой, судалгаатай хандах ёс­той. 1996-2000 оны Парламентын үед Казиногийн хууль баталж, түүнтэй холбоотой хээл хахуулийн хэрэг дэгд­сэн шүү дээ. Сайн шалгалгүйгээр Шүү­­хээс гурван хүнийг энэ хэрэгт холбогдуулан ялласан. Энэ бол жаахан ал­даатай шийдвэр болсон. Тиймээс ийм харамсалтай явдал битгий дав­тагдаасай гэж бодож байгаа юм л даа. Пар­ламент энэ хуулийг маш нухацтай хэлэлцэх шаардлагатай.



-1998 оны түүх давтагдах гэж байна гэсэн үгийг хоёр дахиа сонсч байна. Тэгвэл тэр харамсалтай явдлыг давтахгүйн тулд яах ёстой вэ?



-Урьд өмнө батлагдаад хүчингүй болсон, сүүлд УИХ-аар орж хэлэлцэгдэж байсан Казиногийн тухай хуулиудыг хувь гишүүд өргөн барьсан байдаг. Энэ нь “Захиалгатай оруулж ирсэн” гэх юм уу, “Хэн нэгэнд зориулагдсан хууль батлах гэж байна” гэсэн хардлагыг төрүүлж, тэр хардлагаасаа болоод олигтой явж чаддаггүй юм. Тэгвэл энэ удаа хуулийг салбарын яам боловсруулж, Засгийн газраас өргөн барьж байгаагаараа онцлогтой. Хэн нэгнээс мөнгө аваад, хууль санаачилчихлаа гэсэн хардлага харьцангуй бага гэсэн үг. Гэхдээ үүнийгээ батлах шаардлагатай.



-Яаж?



-Тендерийг нээлттэй ил тод явуулах ёстой. Казиногоор дагнаж үйл ажиллагаа явуулдаг дэлхийн бүх компани руу тендерт оролцох урилгаа явуулах хэрэгтэй. Тэгж байж хамгийн шилдэг хөрөнгө оруулагчийг олж чадна. Түүнээс биш, хоёр компани орж ирээд нэг нь нэрээ татах юм бол утгагүй. Хардлага сэрдлэг дагуулна. Дахиад л асуудал үүснэ.



-Таны бодлоор, казино байгуулахдаа бид юунд гол анхаарлаа хандуулах ёстой вэ?



-Бусад орны туршлагыг сайн судлах хэрэгтэй. Ингэхдээ улс орныхоо онцлогийг харгалзах нь чухал. Манайхаас хэт том, эсвэл жижиг, далайд гарцтай, олон хөрштэй орны казино байгуулсан туршлага манайд тэр болгон тохирохгүй. Өөрийн орны онцлогт тохируулж хийх хэрэгтэй.  



Казиног Замын-Үүдэд байгуулах нь хамгийн тохиромжтой


-Казино байгуулах газрын асуудал хуулийн төсөлд нээлттэй байгаа. Үүнтэй холбоотойгоор гишүүд янз бүрийн санал хэлж байна. Зарим нь Улаанбаатар хотдоо барья гэж байхад зарим нь Алтанбулагийн чөлөөт бүсэд барья гэж байх жишээтэй? 



-Газраа маш оновчтой сонгох хэрэгтэй. Гадаад орны туршлагаас харахад, хот суурин газраас хол, ууланд юм уу элсэн цөл газар хийсэн тохиолдлууд байдаг. Гэхдээ энэ бол манай орны хувьд хэцүү. Дэд бүтэц байгуулахад хөрөнгө их шаардана. Хөрөнгө оруулагч гарч ирэх үү, үгүй юу гээд хүндрэл үүснэ. Улаанбаатар хотод казино байгуулах санааны тухайд, ийм зүйл байж огт болохгүй. Яагаад болохгүй вэ гэхээр нэгдүгээрт, казино бол маш нарийн хяналт шалгалтын доор явагддаг бизнес.



Түм түжигнэж, бум бужигнасан хотод ингэж хянах боломжгүй. Казино бол ер нь мөрийтэй тоглоом шүү дээ. Мөрийтэй тоглоомыг дагалдаж, хулгай дээрэм, дарамтлах гээд маш олон сөрөг үр дагавар явж байдаг. Энэ нь хотын амьдралд нөлөөлнө. Өөр нэг буруу нөлөө нь гэвэл, нэгэнт нүдэнд ил, ойрхон байгаа учраас хүмүүс тийшээ орж тоглох сэдэл их болно. Казино тоглоод хожно гэж ер нь байдаггүй юм. 99.99 хувь нь алдаж байдаг юм чинь. Хожих магадлал нь нэг хувь ч хүрдэггүй. Нэг ёсондоо мөрийтэй тоглоом, тухайн хүний хурдан баяжих гэсэн шунал дээр л дөрөөлж мөнгө олдог зарчимтай. Харин зөвхөн гадныханд, Монголд ирж тоглох хүсэл эрмэлзэлтэй хүмүүст зориулж байгуулаад, олсон мөнгөө эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбартаа зарцуулж бол болно.



-Таныхаар хаана байгуулбал хамгийн тохиромжтой вэ?


-Хамгийн тохиромжтой газар нь ерөөсөө л Замын-Үүд. Яагаад Замын-Үүд хамгийн хамгийн тохиромжтой вэ гэвэл, нэгдүгээрт, БНХАУ эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орчихлоо. 20, 30 жилийн өмнө эхний 30 дотор байсан бол сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжсөөр эхний хоёрт ороод ирлээ. Хүн ам нь 1.3 тэрбум хүрлээ. Үндсэндээ сүүлийн 20 гаруйхан жилийн дотор 400 сая хүнийг ядуурлаас гаргалаа шүү дээ. Ийм туршлага аль ч улс оронд байдаггүй. Тэдэнд мөнгө байна. Азийн мөрийтэй тоглоомын нийслэл гэгддэг Макао Хятадын жуулчдын хүчинд Лас Вегасыг гүйцэж, дэлхийд нэгдүгээрт орсон.


Тиймээс энэ орны иргэдэд зориулж казино байгуулах ёстой. Гэхдээ шууд байгуулчихгүй. Төрөөс юу хийж өгөх ёстой вэ гэвэл, газар нутгийг нь товлож, тусгай бүс байгуулаад, замыг нь тогтоож, хил хязгаарыг нь татаж өгөх ёстой. Тэгээд БНХАУ болон гадаад улс орны иргэд тийшээ чөлөөтэй нэвтэрдэг болгоно. БНХАУ-аас шууд тусгай бүс рүү визгүй, чөлөөтэй орж тоглочихоод, тэндээсээ шууд буцаад гарна гэсэн үг л дээ.


-Казиног дотоодын компани байгуулах боломж байгаа юу?



-Туслах чанарын ажилд оролцож болно шүү дээ. Казино байгаа газар хүн л амьдарч байгаа юм хойно, эмнэлэг, зочид буудал, худалдааны төвүүд, зоогийн газар гээд шаардлагатай бүх л зүйл хэрэгтэй болно. Ажилчдын орон сууцыг бол казиногийнхон өөрсдөө барьчихдаг юм. Харин бусад салбарт нь дотоодын компаниудаа оруулж болно, ер нь оруулах ч ёстой.



Дэлхийд нэр хүндтэй туршлагатай компаниар бүсийнхээ план зургийг гаргуулах хэрэгтэй. Энд нь гаалийн хяналт байна, энд нь казино, энд нь зочид буудал гэх мэтээр маш нарийн төлөвлөсөн план зургийн дагуу хийх ёстой юм. Эмнэлэг, зочид буудал, худалдааны төвүүд баригдахаар тэнд ажлын байр бий болно. Асар их хөрөнгө оруулах шаардлагатай казино, зочид буудлаа гадныхан өөрсдөө барина биз, бид өөрсдөө чаддаг, бусад салбаруудыг дотоодын аж ахуйн нэгжүүдээрээ хийлгэх нь ашигтай.


Олон улсын нисэх онгоцны буудал, хурдны төмөр замыг концессор бариулчихаж болно. Төр яах вэ гэвэл, татвар, хил гааль, цагдаа хуулийн байгууллагуудын ажиллах орчныг л маш сайн бүрдүүлж өгнө. Ингээд л боллоо. Хийж чадвал маш их валют орж ирнэ. Эдийн засаг нь ингэж хурдацтай өссөн, олон хүн амтай хоёр улстай хөршилж байгаа нь манай орны хувьд нэг ёсны том давуу тал. 

  

-Тооны тал дээр?



-Хоёрыг барина гэсэн байна лээ. Миний бодлоор бол “Хоёроос доошгүй” гэсэн санаа байх гэж ойлгож байгаа.



-Хойд, урд хоёр хөршдөө ойрхон нэг, нэгийг барьчихья гэсэн санаа гэж ойлгогдсон?



-Маш зөв. Алтанбулагт нэгийг барьж болно. Гэхдээ Оросын эдийн засгийн байдал, амьдралын түвшин ямар байгаа билээ. Өнөөдөр Алтанбулаг дээр Монголын талаас 300 машин байхад Оросын талаас 25 машин л байж байна гэсэн. Энэ бодит байдлыг аваад үзэхээр наашаа тийм олон хүн орж ирээд, мөнгөө үрнэ гэхэд хэцүү. Гэхдээ ер нь бол зөв. ОХУ-ын хүн ам 145 сая. Эдийн засгаараа ч гэсэн дэлхийн топ 20 орны дотор орчихлоо. Баячууд нь тасархай баян, тэр хүмүүс нь л ирнэ биз. Тэгээд дээр хэлсэн, олон улсын онгоцны буудал, авто болон төмөр замыг концессор бариулна. Газар нутгийн хувьд хэтэрхий жижиг өгчих юм бол жаахан байж байгаад л дахиж газар тэлнэ гээд, УИХ-аар хэлэлцэх болно. Тиймээс анхнаас нь нэлээд том алсыг харсан бодлого явуулсан дээр байх.


Казинод монгол хүнийг оруулж хэрхэвч болохгүй



-Казинод хэн тоглох вэ гэдэг асуудал багагүй мэтгэлцээн дагуулж байна. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?



-Ямар ч тохиолдолд казинод монгол хүн тоглохыг хориглох ёстой.



-Яагаад?



-1998 оны хуулийг хэлэлцэж байхад би “Монгол хүн оруулахыг хориглоё” гэхэд эсрэг саналтай гишүүд “С.Болдхэт “Монгол хүн, нохой хоёрыг оруулахгүй” гэж байгаа юм байна” гэж хэлж байсан. Би их сайн санаж байна л даа. Гэхдээ асуудал монгол хүн, нохойндоо байгаа юм биш. Монгол хүн яагаад орж болохгүй вэ гэвэл, Монгол Улс хэдэн хүн амтай билээ. 100 сая хүрэх үү, 10 сая хүрэх үү... Үгүй, гуравхан сая. Маш цөөхөн хүн амтай. Амьдралын түвшин ямар байгаа билээ.



Ядуу. Хүн амын 20 хувь нь нэн ядуу, дахиад 20 хувь нь ядуу гэж Дэлхийн банк тогтоосон байна лээ. Ийм байхад яах вэ. Амьжиргааныхаа мөнгийг казинод өгнө. Амар хялбар аргаар мөнгө олох гэж тоглоод, эцэст нь гэр бүлийн маргаан, салалт, гэмт хэрэг гээд маш их хортой үр дагавар гарах байхгүй юу. Гэмт хэрэг их гараад ирэхээр Шүүх, цагдаагийн байгууллагын ачаалал нэмэгдэнэ. Орон тоо, үйл ажиллагааны зардлаа нэмэх хэрэг гарна. Казиногоос олсон мөнгөө эргээд зарцуулах болж байгаа биз. Гэтэл дунд нь монголчууд хохирч байдаг. Тиймээс монголчуудыг оруулж хэрхэвч болохгүй.



-Заавал ийм юм болно гэж муу амлах хэрэгтэй гэж үү. Мөнгөтэй нэг нь тоглож сэтгэлийн таашаал авчихаад гараад явчих хэмжээний боловсролтой болсон байлгүй дээ?


-Асуудал нь өөрөө гадны хөрөнгө оруулалтыг татаж, валют олох болохоос монголчуудыг мөрийтэй тоглуулах тухай биш юм аа. Гол зорилго нь гадны хөрөнгө оруулалтыг л өөрийнхөө эх оронд оруулах гээд байгаа шүү дээ. Манай орны хязгаарлагдмал валютын нөөц, хязгаарлагдмал эдийн засгийн боломжийг л тэлэх гэж байгаа юм. 1.3 тэрбум хүнтэй, баячууд олонтой орны иргэд Монголд ирж казино тоглолоо гээд орлогод нь нөлөөлөхгүй. Манай энэ жижиг эдийн засагт бол маш их нөлөөлнө.



Манайх казиногийн туршлага огт байхгүй улс бас биш юм аа. Чингис зочид буудалд германчууд нэг хэсэг казино ажиллуулж байсан. Тэр үед Монголын нэр нөлөөтэй, мөнгөтэйгөөс гадна жирийн дундаж амьдралтай маш олон хүн тэнд тоглосон. Тэгэхэд харамсалтай нь, казиногоос болж  олон гэр бүл салж сарнисан байдаг. Өөрийнхөө машин тэрэг, орон байраар тоглоод, дээрээс нь эцэг, эхийнхээ гал голомтоор тоглож, гудамжинд гаргасан, өөрөө архичин болсон... гэх мэтээр гэр бүлийн эмгэнэлтэй үйл явдлууд маш их болсон байдаг юм. Хаана ч гэсэн ийм байдаг. Тийм ч учраас аливаа улс казиног байгуулахдаа гадаад валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх талаас нь илүү ач холбогдол өгдөг. Иргэдээ бооцоотой тоглуулж донтуулахын тулд барьдаг юм биш.



 -Монголчууд гадагшаа явж, БНСУ, Макаогийн казинод тоглоод маш их мөнгө алдаж байгаа. Тэр мөнгийг авч үлдье л дээ?



-Мөнгөтэй хүмүүс, УИХ-ын гишүүдийн тоглох эрхийг нээж өгнө гэсэн ойлголт байж болохгүй ээ. Тэр мөнгөтэй, төгрөгтэй бизнесмэнүүд нь гадагшаа яваад тоглоно л биз. Тэдний гаргасан зардал энд үүсэх нийгмийн тэр том асуудалтай харьцуулахад өчүүхэн юм.  



Нийслэлийг Хархорин руу шилжүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй



-Казиног аль нэгэн суурин газраа түшиглээд байгуулчихвал хаялгаар нь хөгжчих юм биш үү гэсэн санаа илэрхийлэх хүмүүс байна. Энэ талаар та юу хэлэх вэ?



-Тийм бодолтой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь, Хархоринд барьчихья гэсэн байсан. Гэхдээ  Замын-Үүд, Алтанбулагаас өөр газар казино байгуулаад хэрэггүй. Хархорин бол Монгол Улс дэлхийн эдийн засаг, улстөрийн бодлогыг тодорхойлж, мандан бадарч байх үед нийслэл хот байсан. Хэзээ нэгэн цагт дахиад нийслэл болох байх гэж монгол хүн бүр найдаж байдаг. Одоогоор эдийн засгийн боломж тааруу байгаа нь үнэн. Гэхдээ л улстөр, соёлын нийслэл болно гэж итгэдэг. Энэ бол ганц миний ч биш, нийт монголчуудын маань хүсэл гэдэгт итгэж явдаг. Улаанбаатар маань эдийн засгийн нийслэл нь байг. Харин Хархорин улстөр, соёлын нийслэл болно. Ийм хоёр төвтэй улс болох нь хамгийн зөв, оновчтой шийдэл.


-Хархориныг нийслэл болгох тухай яриа гараад олон жил болж байгаа ч хэрэгжих боломж хомс байгаа шүү дээ?


-Тийм нь тийм. Гэхдээ яг одоо шилжүүлэх гэж байгаа юм биш. Хархорин бол Их Монгол Улсын үед эдийн засаг, соёл, хөгжил, баян тансаг байдлаараа гайхагдсан, дэлхийн №1 нийслэл хот байлаа шүү дээ. Тэгэхээр энэ түүхээ бид маргааш биш юм гэхэд хэзээ нэгэн цагт сэргээх ёстой. Монгол үндэстний соёлын төв гэдэг утгаар хөгжүүлбэл их гоё. Соёлын холбогдолтой үндэсний их сургуулиуд, төв театр, төв музей, үндэсний архивын газар зэрэг байгууллагуудыг тэнд байгуулна. Мэдээж, Засгийн газрын ордон, төрийн яамд бас тийшээ нүүх ёстой. Улаанбаатарынхаа жишээнээс суралцаад, дээд зэргийн төлөвлөлттэй орчин үеийн хот байгуулах юм сан гэж боддог.



-Мөрөөдлөө гээд биелнэ гэсэн үг биш. Тэр их мөнгийг хаанаас олох вэ?



-Олж болно. Бид хот байгуулалт төлөвлөлтийн тал дээр гаднаас мөнгө босгож болох юм байна лээ. Олж харсан. Жишээ нь, хүн ам нь нягт, шигүү суурьшилтай, газар нутаг багатай орнуудын хот байгуулалтын инженерүүд шинээр гарсан нээлт, ололт амжилтаа практик дээр турших хүсэл их байдаг юм байна л даа. Гэтэл газар байдаггүй. Японд гэхэд л шинээр хот байгуулья гэхэд ямар ч газар байхгүй шүү дээ. Ихэнх нь уулархаг байдаг. Сүүлийн үед их ярих болсон эко хот, тосгодыг турших хүсэл ч байдаг юм шиг билээ. Тэр хүсэл эрмэлзэлтэй улсуудыг нь олоод, сайн хөөцөлдөж чадвал хот байгуулах, нүүлгэх санаа бодит ажил хэрэг болох бүрэн боломжтой. Тийм учраас Ерөнхийлөгч маань зарлиг гаргаж, нийслэлийг Хархоринд шилжүүлэх ажлыг хурдхан эхлүүлээсэй гэж хүсдэг дээ.


Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Казино, бооцойтой морин тойруулга дагаад хар тамхи, биеээ үнэлэлт - Монголыг, Монголын ирээдүйг хорлох улайн цайм ил тод ажиллагаа! Ингэж улс орны генийг устгадаг Эдийн Засгийн Алуурчдын шалгарсан арга зам. Хар тамхинд орж бооцоогоо алдан өр зээлэнд орсон яахаас ч буцахгүй & эрүүлээр сэтгэх чадваргүй эрчүүд, бэлгиын замын халдварт өвчин тээгчдээр Монгол дүүрч ирээдүйд шинээр төрөх үр удам нь гажигтаы, сэтгэн бодох чадваргүй . . . зүгээр л хий гэснийг нь хийж явдаг ажиллах хүчин болно. Иймл улс - хүмүүсийг Эдийн засгийн алуурчид хүсэж байгаа. Бидний мөнгийг ийм ирээдүйд зарцуулахыг арт түмэн хүсэхгүй байна!!!!!!!!!!!!!!!!!
2022-03-27
zochin:
Ene vnen shvv mongolchuudaar kazino togluulj ogthonch bolohgui kazino mash ayultai shudarga bish zvil harin gadnii hvmvvsees mongo olj balyataa nemegdvvlne gedeg ni zob yum solongost gehed kazinogoor gadaadiin hvmvvsiig shulj baina mongolchuud mash ih kazinod dontoj mongoo aldaj baina jishee ni gehed solongosiin daegu busan hotiin kazinod mongol zaluuchuud mash ih mongo aldaj baina mongo hojson ni tsoohon barag l mongoo aldaj dontoj baina mongolchuudad kazino zohihgui shal demii zvil mash buruu zvil shvv kazino mongolchuud mini kazino toglohoo boliosoi
2015-05-11
Jilo:
Ene neg luivarchin nohor mongnii unereer garaad ireh shivdee.kkkk
2015-04-20
Зочин:
....................................1958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20
Зочин:
....................................1958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20
Зочин:
....................................1958.mn Зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!....................................1958.mn
2015-04-20
Зочин:
хар тамхичин болсон гээ биз дээ.
2015-04-20