Эгшинээр хэмжигдэх амь – Эх орны дуудлага

img

Дорнод аймгийн Баян-Уул сум 2015.04.17-18 нд шилжих шөнө. Хөндийг бүрхсэн их галыг харж зогсохдоо нулимсаа барьж дийлэхгүй “Бороо бороо ороорой, Бороо бороо ороорой” гэж дуулах аядан алгаа тосон тэнгэр лүү харж зогссон юм. Бороо бороо ороорой

Оросын маамуу ирээрэй ...” гэж хүүхэд байхдаа бороон дуслыг алган дээрээ тосон баяр хөөр дүүрэн гүйдэг байснаа санаж байна. Гэтэл “Бороо бороо ороорой ...” гэж чин сэтгэлээсээ залбиран, уйлан байж дуулах өдөр ирэх юм гэж зүүдэлж ч явсангүй.

 

Өнгөрөгч долоо хоногт зүүн гурван аймагт гарч буй ой хээрийн түймрийг нүдээр үзэж, сурвалжлахаар очоод байгалийн үзэгдэлд  ухаант хүмүүн хүчин мөхөсдөхийг мэдэрч, арга ядахдаа ийнхүү дуулж зогссон юм би. Ингээд уншигч танд ой хээрийн түймрийн талаар, онцгой байдлын аврагчид нутгийн ард иргэд, төрийн байгууллагууд ийм цагт хэрхэн ажилладаг болохыг бага ч гэсэн мэдрүүлэхийг зорьсон сурвалжлагаа хүргэж байна.

 

 

Сэтгүүлчид Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд багтав

 

Энэ сарын 15 ны өдөр буюу өнгөрөгч лхагва гаригт зүүн гурван аймагт ассан ой хээрийн түймэр гамшигийн хэмжээнд хүрсэн тул Улсын Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар батлагдсан ажлын хэсэг байгуулагдсан билээ.

 

Тус ажлын хэсэг түймрийн голомт бүхий Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт очиж, ой хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор дээрх аймгуудыг зорихоор болов.

 

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар ажилласан бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын Онцгой байдлын хошууч н.Мөнхсайхан, Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн н.Үүрцайх, ХХААЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын хэлтсийн дарга н.Батсүрэн БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрийн газрын ахлах мэргэжилтэн н.Эрдэнэчимэг, БОНХЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн н.Чулуунбаатар, МХЕГ-ын Байгаль орчны хяналтын газрын хэлтсийн дарга н.Цэрэндаш, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах мэргэжилтэн Цагдаагийн хошууч н.Түмэнбаяр нар орсон байв. Харин хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд shuud.mn, mass.mn Өдрийн сонин, UBS, TV5 телевизийн сэтгүүлч, зураглаачид гэх долоон хүн тус ажлын хэсэгт багтсан юм.

 

Хэвлэлийнхэнийг ОБЕГ-ын үүдэнд оройн 17:00 цагт бэлэн байхыг үүрэг болгосон тул дор бүрнээ бэлтгэлээ базаан товлосон цагтаа бид ирцгээлээ. ТВ 5 телевизийн сэтгүүлч маань гэртээ харих ч зав гарсангүй хэмээн өмссөн хувцастайгаа томилолтоор явахаар иржээ. Удалгүй биднийг Улсын онцгой комиссын дарга, хурандаа М.Энх-Амар өрөөндөө дуудлаа.

 

Биднийг ороход Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цугласан байв. М.Энх-Амар хурандаа “За та бид Хэнтий Сүхбаатар, Дорнод аймгуудад очиж, байгалын давагдашгүй хүчин, хор уршгийг арилгах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босох ажиллагаанд шаардлагатай шийдвэрийг газар дээр нь цаг алдалгүй гаргаж, дүгнэлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах зорилгоор явна.

 

Сэтгүүлчдийн багийн хувьд анх удаа Улсын комиссын бүрэлдэхүүнд багтааж, ой хээрийн түймэр гэж ямар  байдаг, ямар хор хохирол дагуулдаг, онцгой байдлын аврагчид болон орон нутгийн иргэд яаж ажилладаг гэдгийг бодитоор харж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй явах юм. Ой хээрийн түймрийн талаар сайн мэдээлж олон нийтийн анхааралд оруулахгүй бол хайхрамжгүй хэн нэгний үйлдлээс болж байгаль орчин болон хүн ардад, сум орон нутагт, улсад асар их хохирол учирч байна. Тиймээс үнэн бодит мэдээлэл түгээхээр та бүхнийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаалаа.

 

Энэ цаг мөчөөс эхлээд та бүхэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ч гэлээ миний мэдэлд, миний удирдлаганд явах болно. Юу хийхийг чинь заахгүй ч гэсэн сануулах хэдэн зүйл байна. Тухайлбал, малчны хот бүхэлдээ харлаж, мал сүрэг галт өртсөн байгаа. Тэр дүр зургийг баримт болгон авч болно гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээрээ олон нийтэд гаргахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Учир нь хотоо харлуулсан малчны сэтгэл зүй маш хүнд байгаа тул тэднийг хүндэтгэх ёстой.

 

Нөгөө талаар монгол хүн мал сүрэгтээ хайртай, түймэрт хуйхлагдсан дүр зураг тийм ч таатай харагдахгүй. Мөн бидний очих газарт цагийн байдал хүнд байгаа, би та бүхний амь нас эрүүл мэнлийг хариуцаж явна. Энэ бүрэлдэхүүнээрээ яваад эргэн ирэх болно” хэмээн бидэнд онцлон сануулсан юм. Ингээд ОБЕГ-аас түймрийн нөхцөл байдал ямар байгааг газрын зураг дээр тодруулж мэдээлэл өгсний дараа бид зүүн аймгуудыг зорив.

 

Нийт түймрийн 80 орчим хувь хүний буруутай үйлдлээс эхлэлтэй

 

Ажлын хэсгийнхэн 23:30 цагийн үед Хэнтий аймгийн Чингис хаан хотод очив. Биднийг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй тус аймгийн Онцгой комиссынхон угтан авч, Засаг даргын өрөөндөө шуурхай хуралдаан зохион байгуулж,  цагийн байдлыг танилцуулав.

 

Тус аймгийн Баян-овоо сумын Мойлт гэдэг газар малын цэцэг өвчин дэлгэрсэн тул өвчилсөн малыг устгалд оруулах ажил хийж, хорио цээринй дэглэм тогтоосон аж. Эрүүл малаа дархлаажуулах вакцин байхгүй, яаралтай олгож өгнө үү хэмээн ХХААЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын хэлтсийн дарга Батсүрэнгээс хүссэн.

 

Тэрбээр цэцэг өвчний эсрэг вакцин улсын хэмжээнд байхгүй байгаа. Вакцин нийлүүлэх ажил тендерийн шатанд яваа гэсэн юм. Харин Ажлын хэсгийн ахлагч, хурандаа М.Энх-Амар малын вакцины асуудал танай яам тендэр зарлах нэрээр удаад байх юм. Орон нутагт нь төсвийг нь  өгөөд өөрсдөө мал сүрэгээ вакцинжуулах ажлаа хариуцаад явбал яадаг юм хэмээн санал хэлсэн. Харин н.Батсүрэн дарга хуулинд зааснаар л тендэр зарлагдсан. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхэд анхаарал хандуулна. Харин ариутгал халдваргүйжүүлэлтэд шаардлагтай хувас хэрэглэлийг цаг алдалгүй илгээхээ мэдэгдсэн юм.

 

Дараа нь тус аймгийн гал түймрийн нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулга хийгдсэн. 2015 он гарсаар  тус аймагт нийтдээ 14 удаагийн түймэр гарснаас 11 түймрийн эзэн холбогдогчийг тогтоосон аж. Түймрийн хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байгаа ч одоогоор есөн сумын 35 мянга 227 га бэлчээр шатаж, байгаль экологид 126. 354 сая төгрөг, түймрийг унтраахад 13.128 сая төгрөгийн зардал гаргасан гэнэ. Гал түймрийг унтраахад шаардлагатай зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан ч төсөв мөнгө дууссан гэдгээ энэ үеэр мэдэгдсэн.

 

Хариуд нь М.Энх-Амар хурандаа гал түймэртэй тэмцэж байгаа ард иргэдийн ажлын хөлсийг ч орхилгүй тооцоод  шаардлагатай хөрөнгө мөнгөний тооцоогоо бидэнд өгөөрэй хэмээн анхааруулсан. Тус аймгийн Батноров сумын хогийн цэг дээрээс, Баян-Овоо сумын малчны хотонд ассан бууцнаас, ОХУ-аас гээд түймэр гарах шалтгаан олон байгаа ч нийт гарсан түмйрийн 80 орчим хүний буруутай үйл ажиллагаанаас эхлэлтэй байсан аж.

 

Галан цунамигийн өндөр 5-10 метрт хүрчээ

 

Хэнтий аймгийн Онцгой комиссын мэдээлэлтэй танилцаж дуусаад бид Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг зорьсон юм. Замд хээрийн түймэр дайраад өнгөрсөн газруудаар давхиж явахад хэдийгээр гал унтарсан ч асч уугиж үлдсэн аргал хоргол салхинд хөөгдөн цогшиж дахин гал гарахаар харагдаж байв. Бид зарим газар нь зогсож гутлаараа цогийг гишгэж, шороо овоолж унтраасаар багагүй цаг зарцуулж, явсаар үүрийн 04 цагийн орчим Түмэнцогт суманд очсон юм.

 

Пүрэв гаригийн өглөөний 08 цагт бид Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Түмэнцогт сумын Засаг дарга Б.Ганцогт нарын хамт малчны хотонд очив. Уг газарт бага насны малчин хүүхэдтэй малчин айл 400 орчим хонь ямаа, цөөн тооны адуутай амьдардаг байжээ. Гэтэл түймэрт мал сүрэг нь хуйхлагдаж, гэр нь шатаж, хот нь харласан байв.

 

Гал гарах үед нэг мотоцикл дээрээ хүүхдүүдээ суулгаад түймрээс зугтаж гарсан бол хоттой хонь нь хашаан дотроо, уналгааны хэдэн морьд нь уяан дээрээ хуйхлагдсан ажээ. Шатсан хонь малыг харахад зүрх өвдөж, сэтгэл базалмаар дүр зураг. Амьдаараа халуун галд хуйхлагдаж, тарчилж үхсэн малын үлдэгдлийг хараад өрөвдөөд нулимс асгараад байсан ч эрдэнэт хүний амь л насанд аюул учраагүй гэдгийг сонсоод тайвширсан. Харин нохой нь ганцаараа үлдчихсэн шатсан малаа, гэрийн буйраа тойрон гаслан үлдсэн юм.

 

Тэндээсээ бид сумын Засаг даргын тамгын газарт очиж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Сүхбаатар тэргүүтэй аймгийн Онцгой комиссын мэдээллийг сонссов. Мэдээллийн эхэнд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Манай аймгийн түймрийн нөхцөл байдал хүнд байна.

 

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хөхчулуут гэдэг газарт амьдардаг иргэн Л-ийн хотноос эхэлсэн түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийт бэлчээрийн 90 гаруй хувийг хамарч, Мөнххаан сумын нутагт орсон. Фейсбүүк, твитерээр хүмүүс үнэн худал мэдээлэл тарааж байхыг хараад та нар оронд нь данс нээгээд бидэнд туслаач ээ гэхээр туслах хүн алга. Ингэж худал дэвэргэж, ажил хийж байгаа хүмүүсийг үгүйсгэж, буруутгаж байгаад харамсаж байна.

 

Сүхбаатар аймаг нь тал хээрийн бүс ихтэй өвс нь шугуй шиг ургадаг, Баян-Овоогоос эхэлсэн түймэр манай аймагт орж ирээд гурван шөнө, дөрвөн өдөр болж байна. Манай нутаг хавар намартаа хуурайшилт ихтэй байдаг. Гэхдээ энэ удаагийнх түймэр гэхээсээ илүү галан цунами гэж нэрлэх хэмжээнд хүрсэн. Хэдхэн хоногийн өмнө өвс халиурсан шаргал талд мал төллөсөн сайхан хавар болж байлаа. Гэтэл хар шуурга дэгдэж, гал гарч байгаа нь ч мэдэгдэхгүй өндөр нь 5-10 метр хүрсэн түйрэн болсноос одоо цөлжилт үүсч, бэлчээргүй нутаг болон хувирлаа” гэлээ.

 

Түмэнцогт сумын засаг дарга Б.Ганцогт “Гэр орноо алдаж, малаа алдсан айлуудад  шатсан буйран дээрээ эргээд амьдар гэж хэлэх аргагүй бйана. Ямар ч байсан эхлээд гэр олгоно. Гэхдээ тэд гэртэй ч өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгйү хоцорсон тул өмсөх хувцас идэх хоолноос эхлээд хэрэгтэй зүйл их байгаа.  Түймэр унтраахаар ажиллаж байгаа хүмүүсийн хоолыг сургууль цэцэрлэгт хийлгэж, дэлгүүрээс боодол боодлоор ус зээлж авах зэргээр ажиллаж байна. Сумын Засг даргын нөөц хөрөнгө дууссан” хэмээн танилцуулсан. Түүний дараа аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас мэдээлэл хийв.

 

“Сэрээн" дохионы дуу шинэ түймэр ассаныг зарлав

 

Гэтэл гадаа бүрээ дуугарах чимээ гарсан нь дахин шинэ түймэр ассан гэх бүрээ  дуугарч байгаа нь тэр аж. /“Сэрээн" дохио- нутгийнханы хэлснээр буулгав/ Дахин түймэр гарсан тул сумын иргэд хөл хөдөлгөөн ихтэй болсон байв. Сургуулийн ахлах ангиас дээш бүх эрэгтэйчүүд, онцгой байдлын аврагчид бэлтгэлээ базааж, сургууль цэцэрлэг, эмнэлгийн ажилтнууд хоол цай бэлдэх, талх зүсэж уутлах, бургасанд хаймар тогтоон цохиур хийх зэргээр завтай хүн нэг ч харагдахгүй болсон байв. Түймэр гарсан тул сүүлийн хэдэг өдөр томчууд бүгд түймэрт дайчлагдсан тул сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа аж.

 

“Салхины чиг өөрчлөгдлөө, машиндаа хурдан суугаарай, гүйгээрэй”

 

Аймгийн Онцгой комисс Улсын онцгой комиссынхонд ажлаа танилцуулж байх хооронд бид түймэр гарсан газарт очиж сурвалжлага бэлтгэхээр хөдөлсөн юм.

 

Түмэнцогт сумаас 30 гаруй км-ийн зайд Улаан хад гэдэг газарт очиход нутгийн иргэд ирж таарсан юм.

 

Нутаг минь илүү үнэтэй шүү дээ

 

Би энэ нутгийн иргэн, намайг н.Баярцогт гэдэг. Би  би төрөлхийн астамтай хүн утаанд бахардаж уначих гээд хэцүү байгаа ч эх нутаг минь шатаж байгааг зүгээр хараад сууж чадахгүй хүрээд ирлээ. Сумын маань ихэнх нутаг галд өртөж, одоо ч нэмэгдээд л байна.

 

Энэ түймэр ганцхан хүний хариуцлагагүй байдлаас болсонд харамсаж байна. Салхитай болохоор үлдээсэн цурмаас нь дахиж гал асаад байна. Малаа эзэнгүй орхичихсон, хүүхдүүдтэйгээ явж байна.  Нутаг минь илүү үнэтэй шүү дээ.

 

Гурван шөнө дөрвөн өдөр ажиллаж байна

 

Түмэнцогт сумын I багийн иргэн н.Энхбат гэдэг, сумын төвд амьдардаг юм. Манай сумын газар нутгийн 90-ээд хувь шатчихлаа, нутаг орноо аврахын тулд гурван шөнө, дөрвөн өдөр нойр хоолгүй ажиллаж байна. Нутаггүй болох нь. Түймрээс болоод мал нь шатчихлаа. Шатаагүй үлдсэн мал нь  идэх хоолгүй болчихлоо.   

 

Ийнхүү түймрийн анхны голомт дээр ирсэн нутгийн иргэдээс яриа авч байхад салхи баруун хойноосоо салхилж байсан юм. Иргэдээс яриа авч дуусаад зураг авч, бичлэг хийж байтал хамт явсан Онцгой байдлын Ерөнхий газрын ахлагч Э.Өлзийбат “Манайхаан хурдлаарай. Салхины чиг зүүнээс болчихлоо. Гал орж ирлээ шүү машин руугаа хурдан гүйгээрэй” хэмээн хашгирлаа. Салхины чигийг ч анзаарахгүй явсан бид замын хажууд 10 гаруй метрт ирсэн галтай уралдан хамаг хурдаараа машин руугаа гүйв.

 

30 орчим метрийн зайд байсан машиндаа дөнгөж суугаад ухас хийн хөдлөхөд яг бидний машин зогсож байсан тэр газарт түймэр дайран гарч баруун урд зүгийг чиглэн одсон юм. Бид хэсэг яваад зогсож нутгийн иргэдтэйгээ ярилцахад 8 км ийн цаана байх Баясгалан гэдэг айлынх  руу гал явчихлаа. 1000 гаруй адуутай. Очиж туслахгүй бол болохгүй гэсээр мотоциклдоо суун утаан дундуур яваад өгөв. Бид тэдэнд болгоомжтой байгаарай хэмээн захиад сумын төв рүү хөдөлж, Онцгой байдлынхан орон нутгийн иргэд бидэнтэй түймрийг унтраахаар зөрж явсан юм.

 

Сумын төв рүү ирэх замд өөр хэд хэдэн газарт түймэр ассан харагдаж, түймэрт өртсөн айлын хашаанд уугих аргалыг унтраахаар ажиллаж борон нутгийн иргэдтэй таарч байв. Улсын онцгой комисс Түмэнцогт сумын нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай төсөв мөнгийг газар дээр нь шийдвэрлэж дуусан тул бид Дорнод аймгийг зорьсон юм.

 

Харамсалтай мэдээ ирэв

 

Дорнод аймгийн Чойбалсан хотод бид оройн 21 цагийн орчимд очлоо. Биднийг дөнгөж сүлжээтэй газар очиход нэгэн харамсалтай мэдээ хотоос ирсэн юм. Тодруулбал, хамт явсан хэвлэлийн залуусын маань нэгнийх нь аав бурхан болсон гэсэн харамсалтай мэдээ ирж, сэтгэл өвтгөсөн. Ингээд түүнийг бид хот руу явах унаанд суулгаж өгөөд ажлаа үргэлжүүлэхээр үлдэв. Хүний амьдрал гэдэг тааж тааварлашгүй болохоор яалтай ч билээ. Яг л энэ үеэр аав гэдэг эрхэм хүнийг Аав уул хэмээн нэрлэж, аав хүн энэ орчлонд байхгүй болчихвол чи өөрөө уул шиг түшигтэй аав хүн болоорой хэмээн ярьж байсан андын маань үг санаанд орж байсныг нуух юун.

 

2 сая 800 мянган га газартай Халх гол сумын 70-80 хувь нь шатжээ

 

Баасан гаригийн өглөө бид Дорнод аймгийн онцгой байдлын хэлтэс дээр очив. Тэнд бид аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Д.Гантөмөр болон аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газрын мэдээллийг сонссон юм. Дорнод аймгийн Онцгой байдлын газар нь гал унтраах, эрэн хайх,  аврах гэсэн гурван том салбараас бүрддэг. Аймгийн төвөөс гурван улсын хил хүрэхэд 230 км, ОХУ-тай 570 км,  БНХАУ-тай 1114 км хиллэдэг. Ой хээрийн түймэрт өртөх магадлалтай бүс нутагт байрладаг. Халх гол суманд түймэр гарлаа гэхэд аймгийн төвөөс 370 км, цаашаа Нөмрөг хүрэхэд 400 гаруй км болдог.

 

Хүрч очих хурд маань ч энэ хэмжээгээр уртасдаг, бидний унаа ОХУ-д үйлдвэрлэсэн хоёр ширхэг УАЗ пургон автомашин,  зэвсэг маань үлээгч аппарат хэмээн хурандаа Гантөмөр онцолж байв. Мөн тэрбээр “Өвс өндөр ургадаг, хүн ам сийрэг тул дээрх бүс нутагт түймэр гарахад хүрч очих, унтраах ажилд асуудал их гардаг. Тиймээс ард иргэдийн оролцоо чухал хэмээн жил бүр 3-4 суманд иргэдтэй уулзаж, бэлтгэл хийлгэж, үлээгч аппаратаар зэвсэглэж өгч байгаа. Гал гарлаа гэхэд унтраах аргад суралцуулах, унтрааж чадахгүй бол өөрийгөө болон ар гэрээ аврах аргад сургах зорилготой юм. Манай аймагт он гарсаар 22 удаагийн түймэр гарсан.

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас орж ирсэн Халх голын түймэр маш их хор хохирол учруулсан. Халх гол 2 сая 800 мянган га газартай тэрний 70-80 хувь нь шатсан байна. Одоогийн байдлаар ОХУ-ын Ононгийн районоос орж ирсэн түймэр асч байгаа. Гарч байгаа гол хүндрэл нь техник тоног төхөөрөмж тааруу байна. Зам муутайгаас пургонууд маань эвдэрч байна. Бусдаар бол гайгүй дээ. Яндагаас нь оч хаядаг машин хэрэглэдэг хүн одоо цагт цөөрсөн ч гэлээ яндангийн хэсэгт өвс ногоо хавчуулагдаж, тэр нь гал гарах нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс замд явахдаа энэ талаар анхаарах хэрэгтэй байна.

 

Иргэдийн санамсаргүй үйлдлээс үүдэн гал гарж байгаагийн нэг шалтгаан нь малчид залуужиж байна. Зуухандаа хоносон галыг унтарсан гээд цогто нурмаа гадаа гаргачихдаг. Гэтэл тэр нь гал алдах тохиолдол гарлаа. Уг нь хааш хаашаа 50 метр газарт дөрвөлжин нүх гаргаад тэрэндээ үнс нурмаа хийгээд таглачихдаг байвал гал алдахгүй. Өөр нэг аюул нь тамхи татаж, дутуу унтрааж орхисноос гал алдаж байна. Яг одоогийн байдлаар аймгийн төвөөс 250 км –т байрлах Баян-Уул сум түймэртэй байгаа тйишээ хамтдаа очиж газар дээр нь танилцана” гэв. Түүний мэдээллийн дараа Байгаль орчны газар, Цагдаагийн газрын мэдээллийг сонссон юм.

 

Баян-Уул сумын дархан цаазат ууланд нь түймэр гарчээ

 

Чойбалсон хотоос 250 км-т байх Баян-Уул суманд бид 16 цагийн орчимд очиж, сумын засаг даргын өрөөнд орж цагийн байдалтай танилцлаа. Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж хэлэхдээ “Энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын Хэрээн гол талаас ойн түймэр орж ирсэн. Хэнтий аймгийн Дадал суманд ассан уг түймрийг цурманд оруулсан ч салхины хүч их байсан тул алдчихсан. Ой руу явганаар очих боломжгүй, замын хоёр талаараа тариалангийн талбай шиг их өвстэй.

 

Энгэрээр нь сайн техникээр газрыг нь хагалж, хамгалаалтын зурвас татах л боломжтой. Суманд трактор байхгүй тул “Байдрагийн буудай” компаниас тракторыг ашиглахаар захиралтай нь холбогдож байна. Ойгоо хамгаалах боломжгүй, харин малчны хотыг тойруулан хамгаалалтын зурвас татна. Яг одоо шатаж байгаа уул нь манай нутгийн хамгийн баян дархан цаазат байгалын цогцолбор газар маань юм. Гал унтраах ажилд онцгой байдлын аврагчид, орон нутгийн иргэд гээд 200 гаруй хүн ажиллаж байгаа.

 

Сумын ИТХ-аас Гамшигийн зардалд 500 мянган төгрөг төсөвлөсөн. Тэр нь гал гарсан эхний өдөр л дууссан. Дөнгөж сая ИТХ хуралдаанаар төсвийн тодотгол хийж, 1.5 сая төгрөг нэмүүүллээ” хэмээн танилцуулсан. Түүний мэдээлэл хийсний дараа хурандаа М.Энх-Амар гамшигийн зардалд маш бага мөнгө төсвөлөсөн байна. Аливаа эрсдлийг урьдчилан тооцоолж, бэлтгэлтэй байх нь Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гол үүрэг байх ёстой хэмээн шүүмжилж, нэмэлт шаардлагтай төсөв, хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг ажлын хэсэгийнхэнд яаралтай гаргаж өгөхийг сануулсан юм.

 

Ойн түймэр уул толгод даваад хяналтаас амархан гардаг

 

17 цагийн орчимд бид Баян-Уул сумаас баруун хойд зүгт байх Түмэн хоньтын зүүн суга гэдэг газарт очив. Биднийг очиход сумын иргэд, Онцгой байдлын аврагчид уулын түймрийг цурманд оруулах бэлтгэлээ хийж байв. Ой дотор орох боломжгүй тул өөдөөс нь салхины чигийг тааруулан гал тавихаар төлөвлөсөн гэнэ. Түймрийн эсрэг гал тавихыг цурав татах, уг галыг унтраан хамгаалалтын бүс тогтоохыг цурам хэмээн нэрлэдэг юм билээ. Энэ үеэр сумын иргэдээс сэтгэгдлийг нь сонсов.

 

Баян –Уул  сумын иргэн Ш.Отгонболд

 

ОХУ-аас орж ирсэн энэ түймэр Хэнтий аймгийн Дадал сумаас даваад Онон голыг давж орж ирсэн. Далан балжирыг өнгөрөөд манай сумын нутагт ингээд ороод ирлээ.

 

Нутгийн иргэд бид Онцгой байдлын аврагчидтай хамт түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна.

 

Баян-Уул сумын III багийн иргэн Б.Батмөнх

 

Энэ хөндийн адаг Бугат гэдэг газарт өнгөрсөн  жил бороо хур их орж ногоо их ургасан юм. Гал унтраах ажилд гурав хоног явж байна.

 

ОХУ-ын Хэрээн голоор 2-3 сумын заагаар орж ирсэн. Унаа машин явах боломжгүй аглаг ой.

 

Ойд буга, хандгай, шилүүс гээд олон сайхан ан амьтантай дархан газар ингээд шатаж байгаад л харамсаж байна.

 

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг

 

Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Түймрийн нөхцөл байдал ямар хүнд байгааг та бид харж байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын газар нутаг ямар болсныг харсан. Дорнод аймгийн Баян-Уул сумын  хамгийн үзэсгэлэнтэй сайхан газар яаж сүйдэж байна.

 

Яг энэ бүс нутагт Аврах  тусгай ангиас зургаан бүлэг, Багануур, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод Дорноговь, Сүхбаатар аймгийн аврах бүлгүүд түймрийг унтраахаар ажиллаж  байна. Хүн хүч хангалттай байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл байдаг гэдгийг үнэхээр мэдрүүлж байна. Түймэр аянга цахилгаанаас гараагүй хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс гарч байгаа юм шүү гэдгийг анхаарч хүн бүр эх орон, амь нас, эд хөрөнгөө хамгаалахад хариуцлагатай байхад л болно.

 

Хээр хөдөө явахдаа тамхиныхаа галыг унтрааж, аюулгүй болгож сурах, хөдөө амьдардаг айл өрх үнсээ бүрэн унтарсаны дараа эсвэл 50 метр нүх уухаад хийчихдэг байгаасай. Бидний хувьд гамшигийн үеэр  ямар тактик баримталдаг вэ тэр л стандартаар явж байгаа. Орон нутгийн иргэд маш идвэхитэй оролцож эх орон, газар нутгийнха төлөө зүтгэж байна. Маш сайн зохион байгуулалтай байна” гэв.

 

Түймэр салхинд л захирагддаг

 

Ийнхүү түймрийн голомт дээр очсон бид орон нутгийн иргэд, онцгой байдлын аврагчдаас багахан яриа авч, хурандаа М.Энх-Амараас тодруулга авч дуусахад  аврагчид уулнаас минут секундээр доошлох их галын өөдөөс цурав татахаар боллоо.

 

16:11 цагт Галын шугаманд аврагчид эхлэн зогсож, цурав татах галыг асаахад дараагийн ээлжний аврагчид үлээгч машинаар галыг уулнаас наашлах галын зүг үлээлгэв. Харин нутгийн иргэд цохиураар цуравнаас гадагш асахыг завдсан галыг цохин, уугиж асах магадлалтай өвс, аргал хомоол зэргийг унтрааж, 500 метр шахам газарт цурам үүсгэлээ.

 

16:18 цагт Гэнэт салхины хүч нэмэгдэн цурав татаж байсан галаас 20 орчим метрт галтай өвс үсэрч төлөвлөөгүй газарт түймэр асч аврагчид болон орон нутгийнхан түүнийг алдахгүйн тулд хамаг хурдаараа очиж унтраахыг оролдлоо. Ийнхүү цурав татах ажил үргэлжилсээр тэд уулын зүүн талаар түймрийн араас явцгаав. Харин үлдсэн нь баруун зүгт цурав татах ажилаа үргэлжүүлсээр

 

16:59 цагт Зүүн талд цурав татсан аврагчид, орон нутгийн иргэд ирцгээлээ.

 

17:22 цагт цурамнаас 100 орчим метрт байх Б.Батмөнх гуайн өвөлжөөг хамгаалахаар цурав татаж байгаа нутгийн иргэдийн эр зоригийг гэрэл зурагт буулгасан.

 

17:47 цагт түймрийг цурманд оруулж эхэллээ.

 

18:02 цагт баруун энгэр луу явсан аврагчидийн татсан цурав төлөвлөгөө ёсоор уулнаас бууж ирэх галтай нийлж, түймрийг цурманд оруулав.

 

18:47 цагт зүүн энгэрээс ирж байгаа үндсэн галыг л цурман оруулчихвал уг хэсгийн түймэр бүхэлдээ цурманд орж, бүрэн унтарна гэсэн тул бид Онцгой байдлынхантай хамт хөдлөллөө. Биднийг очиход 2 км орчмын цаана асч буй түмйрийн утаа харагдаж, салхи ч тогтуун байв. Энэ үеэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Д.Гантөмөр  аврагчдад түймэр унтраах чиглэл өгч, Түмэн хоньтын зүүн суга,  Бугатын даваа руу хоёр бүлэг явуулаа.

 

Тэд галаа унтраагаад хоёр тийшээ явна, түймрээ унтрааж дууссан цагт л уулзалдана. Энэ харагдаж байгаа утаан дотор оросын хил дээрээс түймрийг дагасан Аврах тусгай ангийн хоёр баг ажиллаж байгаа. Салхийг нь тааруулаад цурав татаад цурманд оруулчихвал болох гээд байна хэмээн өгүүлж, зааварчилгаа өгч хэн нь хаана аажиллахыг зааж өгөн аврагчид пургондоо сууж, нутгийн иргэд мотоциклондоо суун утааг чиглэн хөдлөсөн юм.

 

19:06 цагт Салхины хүч нэмэгдэв. Гэнэт баруун хойноос хүчтэй салхилж түмрийн зүгт давхисан хүмүүст санаа зовж эхэллээ.

 

19:25 цагт түймэр биднээс 1 км хүрэхгүй орйхон зайд ирсэн байв.

 

19:47 цагт Түймэр ойртсоор цурав татахаар явсан хүмүүс ирдэггүй удсаар л. Муу л юм битгий болоосой. Энэ гал ямар хурдан наашилдаг юм бэ гэж харж зогссоор л. Ашгүй тэдний машины, мотоциклын гэрэл анивчин утаан дундаас гарч ирсэн тул бид ч өмнө нь цурам татсан уулын хөндий рүү хөдөллөө.

 

20:10 цагт уулын орой дээр гарахад цурманд оруулсан хэмээн бодож байсан түймэр дахин асаж хэд хэдэн уул дамнан асаж байсан юм. Тэндээс Д.Гантөмөр хурандаагаас заавар авсан тул нутгийн иргэд болон аврагчид баруун зүгт байгаа түймрийн голомт руу хөдлөв.

 

80 км/цагийн хурдтай машинтай уралдан асах түймэр

                                                                                                                         

Анжисны ир сольж амживХарин бид Д.Гантөмөр хурандаагийн хамт “Байдрагийн буудай” компанийн троктарчин хамгаалалтын зурвас татаж байгааг очиж харах, бусад газруудад байдал ямар байгатай танилцсан юм. Газар хагалдаг анжистай уг трактор газрын хөрсийг эргүүлж, цаг хугацаатай уралдан байсан ч түймрийн хурд илүү байлаа. Гэсэн ч тракторчин залуу жолоогоо залан түймэр ойртох хэсгийн газрыг сэндийлж,  уулын араар давахаас нь өмнө түймрийг тогтоон барьсан юм.  Гэтэл анжисны ир нь хугарсан тул сэлбэгэнд мотоциклтэй хүн явуулж ирэхийг хүлээх болов.

 

Тэр газарт нэг хэсэгтээ гал үргэлжлэхээргүй болсон тул дараагийн газарт очиж, цурманд оруулах ажил ямар байгааг харсаар нэг л мэдэхэд 23 цаг болсон байв. Салхи нэмэгдсээр, түймрийн цар хүрээ ч нэмэгдсээр. Трокторын анжисны ирийг авчирсан тул  эрэг боолтыг нь тааруулж чангалж байх зуур 500 метрийн зайд харагдах түймэр биднийг хоёр талаас бүслэх маягтай асч байлаа. Трактор ч газар сэндийлэхэд бэлэн болж, бид  түймэрт бүслэдэхгүй тулд машиндаа сууцгаалаа.

 

Түймэртэй өрссөн тракторчин залуу хамгаалалтын зурвас татаж амживБүгд л “Хурдлаарай хурдлаарай, гал ойртож байна” гэж хашгирсаар. Замын бартаа сааднаас болон бид 80 км/цагийн хурдтай давхиж байхад түймэр бидэнтэй уралдан улам бүр дүрэлзэн ассаар л. Энэ үед бидний өөдөөс ирсэн мотоциклтэй хоёр залуу “1 км ийн цаана нэг айл байна. Айлын эхнэр,  хүүхдүүдтэйгээ галд өртөх аюул тулгарлаа, хурдлаарай” хэмээн хашгираад хажуугаар зөрсөн тул бид гал түймэртэй уралдан тэр айлынх руу хурдалж,  трактортой залуу хамгаалалтын зурвас татсаар биднийг галаас холдох боломж олгов.

 

Тэгтэл мотоциклтэй залуус эргэн ирж, хоёр дахь трактороор доор байгаа айлыг тойрон хамгаалалтын бүс татсан одоо яарахааргүй боллоо хэмээн хэллээ. Дүрэлзэн асах галыг намжихад бид машинаасаа бууж, түймрийн голомтод ажилласан аврагчид орон нутгийн иргэд дахин цуглав. Ингээд Д.Гантөмөр хурандаа болон сумын Засаг дарга Ж.Дорж нараас даалгавар авч маргааш өглөө болтол цурманд орсон энэ хэсгийг дахин алдахгүй байх үүрэг даалгавар авсан юм.

 

Тэнгэрийг аргадаж, хур гуйв

 

Харин бидний хувьд баруун урд зүгт улам бүр нэмэгдэж байгаа түймрийн наахна нэг уулын орой дээр зогсов. Тэндээс түймэр уулаас бууж, хээр талыг хэдийнэ эзэлж, уул, толгодыг галт уулын лав буцлах шиг 4-5 үелэн асахыг харахад үнэхээр аймшигтай санагдаж байлаа. 8 км ийн цаана баг байгаа багт 500 гаруй хүн амьдардаг гэдгийг сонсоод бүр ч ихээр санаа зовж байсан. Гэхдээ тэднийг аюулгүй болгохоор трактороор хамгаалалтын зурвас татахаар явсан гэдгийг сонсоод сэтгэл минь бага  ч гэсэн уужирсан.

 

Аврагчид галыг унтраахаар ажилласаар лХөндийг бүрхсэн их галыг харж зогсохдоо нулимсаа барьж дийлэхгүй “Бороо бороо ороорой, Бороо бороо ороорой” гэж дуулах аядан алгаа тосон тэнгэр лүү харж зогсоход хамт явсан багийнхан маань залбирах нь залбирч, чин сэтгэлээсээ бороог дуудан жаахан хүүхэд шиг уруулаа түргина. Бидний хүслийг сонссон мэт 30 минут орчим бороо дусалсан. Бороо улам их ороосой гэж хүссэн ч дахин ороогүй.

 

Харин салхи  бага зэрэг намжиж бид Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн захирагч хурандаа В.Батжаргалтай хамт анги руу нь хөдөллөө. Биднийг очиход шөнийн 02 цаг болж байв. Ямар ч байсан айлууд руу орох гээд байсан их галыг аюулгүй болгохыг харж, арвагчид, нутгийн иргэд манаанд зогсож үлдсэн гэдгийг мэдэж байсан болохоор сэтгэл тайван байлаа. Маргааш өглөө 08 цагийн үед сэрэхэд тэнгэр бага зэрэг үүлтэй бороо ормоор ч  юм шиг харгдахад ашгүй ингээд үүл нь хуралдчихвал үүлэнд зориудаар нөлөөлөөд ахиухан бороо оруулчихаасай гэж залбирч зогссон.

 

Түймэр дахин асч, тэд үүргээ биелүүлэхээр үлдэв

 

Гэвч 10 цагийн үед салхи дахин нэмэгдэж баруун хойд зүгээс дахиад л түймэр асч уулын оройгоор утаа гарч эхэлсэн байлаа. Ажлын хэсгийнхэн ой хээрийн түймрийн аюулд өртөөд байгаа зүүн гурван аймгийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай чухал шийдвэрүүдийг газар дээр нь гаргаж, ажлын тайлангаа Засгийн газарт танилцуулах үүргийнхээ дагуу баямба гаригийн 11 цагийн орчимд нийслэл хотын зүг хөдөллөө.

 

Биднийг ийнхүү Дорнод аймгийн Баян–Уул сумаас хөдлөхөд Баян-уул сумы ойролцоо түймэр дахин ассан гэдгийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Хэнтий аймгийн Норовлин, Баян-Адарга, Батноров сумдад түймэр асч байгааг сонссон.

 

Харин биднийг хөдлөхөд Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Онцгой байдлын хурандаа Д.Гантөмөр, Баян-Уул суман дахь Хилийн 0275 дугаар ангийн захирагч хурандаа В.Батжаргал, Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж гурав хүлээсэн үүргээ биелүүлэхээр бидний ард үлдсэн юм.

 

Хүн бүр эх орныхоо төлөө залбирахыг хүсэж байна

 

Биднийг ийнхүү сурвалжлага хийж явахад фейсбүүк, твиттерээр энэ түймрийн талаар янз бүрийн мэдээлэл тарж байсан. Халаасандаа тал талхтай, ганцхан дашмагтай аврагч улалзах галыг сөрөн эгшинээр хэмжигдэх амь насаа үл хайрлан түймэртэй эр зоригоороо тэмцэх арвагчид, нутаг орноо гэсэн сэтгэлтэй малчин ардууд, галын аюулаас хүний амь насыг эрсдэлд оруулахгүй, мал амьтаны гарз хохирол багатай гамшигийн эсрэг ажиллаж байгаа сум орон нутгийн удирдалгуудыг юу ч хийж чаддаггүй гэсэн мэдээллүүдийг хараад үнэхээр харамсаж байсан.

 

“Түнэр харанхуйг зүхэж суухын оронд ганц ч гэсэн лаа асаа” гэдэг хэлц үг байдагсан. Тиймдээ ч хэн нэгнийг онцлон буруутгахыг хүссэнгүй. Гагцхүү та бид бүгдээрээ Монгол гэдэг нэг л овогтой ард түмэн. Монгол Улсын маань газар шороо, байгаль бүхэлдээ та биднийх. Тийм ч учраас монгол түмэн минь өөрөөсөө бусдыг буруутгаж суулгүй эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө сайн сайхныг зүрх сэтгэлээсээ хүсдэг байгаасай. Яагаад гэвэл биднийг эх орноо гэсэн чин сэтгэлтэй эгэл баатрууд хамгаалдаг юм.

 

Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт ч гэсэн зүүн гурван аймгуудаар салхи шуурга намжихгүй, салхины хурд 10-25 м/секунд хүрнэ гэж мэдээлж байна. Яг энэ сурвалжлагыг бичиж байхад ч дээрх аймгуудад салхины хүч буураагүй. Түймрийн цар хүрээ улам бүр нэмэгдэж, сум баг руу ойртож байгаа талаар мэдээ ирлээ. Онцгой байдлын аврагчид, Хилийн цэргийнхэн, орон нутгийн иргэд гээд 2000 орчим хүн яг одоо ой хээрийн түймрийн эсрэг тэмцэж байгаа.

 

Гал түймэр хаанаас гарсан, хэн буруутайг яг одоо, энэ цагт шүүн хэлэлцэхээс илүүтэй тэдэнд та яг одоо очоод тусалж чадахгүй ч гэсэн эрдэнэт хүний амь наснаас холуур өнгөрөөсэй. Салхи шуурга намдаасай. Бороо ороосой гэж чин сэтгэлээсээ залбирч чадна. Монголчууд бид бусдыг буруутгахаас илүү эх орныхоо төлөө, бидий төлөө түймэртэй тэмцэж байгаа эрэлхэг баатруудын төлөө чин сэтгэлээсээ залбирч, тэнгэр газрыг аргадаж, нэгдэх цаг иржээ. Эх орон минь шатаж байна.

 

Бороо бороо л ороосой...

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter burhan haldun deeree hyatad humuusiig gargasnaas bolson gedeg ni neerei ch ortoi sanagdnam
2015-04-22
Бас л иргэн:
Хөөрхий минь сэтгүүлчид нь эмэгтэй л хүмүүс байсан блгүй. Бичиглэлийг нь харахад мэдрэгдэж байна. Очоод сурвалжлаад ирсэн нь үнэхээр их тус шүү, тэгээд ч олон нийтэд хүндээр тусах зураг нийтлэхгүй гэсэн шаардлага байсныг харсан биздээ. Битгий нэгнээ ингэж байлдаа
2015-04-22
Д.Болор:
Нөгөө чадалтай лам, бөө нар нь одоо л гарч ирж эрдэм чадлаа үзүүлээд бороо хур оруулаачээ. Тэд хаана юу хийгээд нуугдаад байна вэ
2015-04-22
Зочин:
Ynexeer aimshigtai bna lee.
2015-04-22
Зочин:
4589 buugaad vzdee darga tsergiin es b.lgyi l yahav gehdee l hettsvv ym bolood b.b.na shvv esloh zavtai hvn hovor l b.na daa??????????u
2015-04-22
Отгоо:
Ийм сурвалжлага ,нийтлэл ойрын хэдэн жил уншаагүй юм байна.Сайн бичжээ.Сайхан эх орон минь.Үүл буудаж бороо оруулах арга чарга сайн нөлөөлөхгүй л бх даа.
2015-04-22
иргэн:
Газрын зураг дээр ажиллаад, гал унтраах тактик боловсруулаад сүрхий л ажиллаж байгаа юм байна. Голцуу дарга нарын зураг авч яваад ирсэн нь ямар учиртай юм болдоо. Яахав дарга нар дайчин ажиллаж байгаа хэдий ч алжааж ядраагүй л яваа юм байна. Гал унтрааж байгаа нэг ч болсон хүний зураг байхгүй байгаагаас түймэрийг их л холоос харжээ гэсэн л сэтгэгдэл төрж байна шүү.
2015-04-21
Бас л иргэн:
Хөөрхий минь сэтгүүлчид нь эмэгтэй л хүмүүс байсан блгүй. Бичиглэлийг нь харахад мэдрэгдэж байна. Очоод сурвалжлаад ирсэн нь үнэхээр их тус шүү, тэгээд ч олон нийтэд хүндээр тусах зураг нийтлэхгүй гэсэн шаардлага байсныг харсан биздээ. Битгий нэгнээ ингэж байлдаа
zochin:
site-n setguulchid Naraa shig iim surwaljlaga, niitlel bicheerei. sain surwaljlaga bna, ajliin amjilt husie
2015-04-21
Зочин:
очиж гал унтраалцахгүй зүгээр л дарга нартай хамт машинаар хараад яваад байсан болохоор жаахан тиймэрхүү байна.
2015-04-21
Зочин:
Үнэхээр сайхан сурвалжлага болжээ. Сэтгүүлчид ийм л сурвалжлага, материалыг нийгэмд түгээж байх ёстой. Мундаг бичсэн байна, нүдээр үзсэн юм шиг л боллоо. Баярлалаа эрхэм сэтүүлчээ, амжилт
2015-04-21
MA. . .:
Сэтгүүлчид гэдэг сэтгэлийг уудлагчид. . .. Бороо бороо ороорой. . .
2015-04-21
sarnai:
uruvduur yumaa.yamar hund nuhtsuld bga boldoo, mash ih uruvduj zurh min shimshirch bna.....zunduu uillaa.
2015-04-21
togosoo:
Uneheer aimar sanagdaj bna. Haramsan gashuudan uilj unshlaa. Boroo, boroo l oroosoi... naraa egchdee ajiliin amjilt husie. Mundag shuu ta min.
2015-04-21
baaska orsh:
lider bn .nvdeer vzsen met bolow.ta bvxend amjilt xvsey,irlesen xutga met yawaarai...
2015-04-21
Зочин:
gaihaltau survaljlaga bn aa bayarallalaaa
2015-04-21
Зочин:
нээрээн л лусаа аргадсан дээр
2015-04-21