Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгчээ

Өмнөд Солонгосын Ерөнхий сайдаар ажиллаад 63 хонож буй Ли Ван Гу өчигдөр 17.00 цагийн орчимд огцорч буйгаа албан ёсоор мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт гуйсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр огцрох өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгийн газарт хүргүүлжээ. Өнгөрсөн сарын сүүлээр прокурорууд Ерөнхий сайд болон нэр бүхий найман гишүүнийг авлига авсан хэмээж, мөрдлөгө явуулж буйгаа мэдэгдсэн билээ. Ерөнхий сайдын гэнэтийн мэдэгдлийн үеэр Ерөнхийлөгч Пак Ын Хэ эх орондоо байгаагүй юм. Ерөнхийлөгч Латин Америкийн орнуудад төрийн айлчлал хийж байна. Тэрбээр энэ баасан гаригт эх орондоо ирнэ.
Прокурорууд улстөрчдийг “Keangnam Enterprises” компаниас их хэмжээний мөнгө авсан хэмээн мэдэгджээ. Тус компанийн ерөнхийлөгч Сун Ван Жон амиа хорлохоосоо өмнө өөрөөс нь авлига авч, улстөрд гарсан хүмүүсийн нэрсийг бичсэн хар жагсаалтаа хэвлэлийнхэнд өгчээ. Тэрээр Ерөнхий сайдад 2010, 2013 онуудад тус бүр нь 30 сая воны авлига өгсөн гэдгээ хар жагсаалтын эхэнд бичжээ. Ерөнхий сайд амиа хорлосон Сун Ван Жон гэгчтэй ганц ч удаа уулзаж байгаагүй. Мөн авлига аваагүй хэмээн мэдэгдэж “Хэрвээ би авлига авсан бол улстөрийн амьдралдаа цэг тавих болно” гэж мэдэгджээ.
Сун Ван Жон энэ сарын 16-нд Сөүл хотоос холгүй модноос дүүжилж, амиа егүүтгэсэн байдалтай олдсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ