Хөлбөмбөг улс төртэй ямар ч хамааралгүй

ОХУ-д 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдах билээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко олон улсыг хөлбөмбөгийн баг, тамирчнаа Орос руу илгээхгүй, бойкотлохыг хүссэн билээ. Тэрбээр “Украины хямралын гол буруутан Орос. Тиймээс нэг улсыг эмх замбараагүй байдалд хүргэсэн Оросыг ганцаардуулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн удаатай. ДАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулан Ерөнхийлөгч В.Путин олон улсад хандаж мэдэгдэл хийсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Оросууд ДАШТ-ийг амжилттай зохион байгуулахын тулд бүх хүчээ дайчлах болно. Би гол анхаарлаа энэ тэмцээнийг зохион байгуулах ажилд хандуулж байна” гэж хэлжээ.
Путин өчигдөр “FIFA”-ийн ерөнхийлөгч Иосеф Серр Блаттертэй уулзах үеэрээ ийнхүү хэлжээ. Ерөнхийлөгч “Би олон сая хөлбөмбөгийн фанатын урмыг хугалахыг хүсэхгүй байна. Тэмцээнийг зохион байгуулагчид олон улсаас хамгийн өндөр оноог авахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна” гэжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Блаттер “Хөлбөмбөгийн ДАШТ-ийг улс төртэй холбох нь утгагүй хэрэг. Мөн зохион байгуулагч орны талаар сөрөг мэдээлэл олон улсад тарж, олон мянган фанатын сэтгэл гонсойхыг харахыг хүсэхгүй байна. ДАШТ-ийг Орос мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж чадна. Би Путинд итгэж байна. Мөн ДАШТ-ийг бойкотлох нь хууль бус. Хөлбөмбөг улс төртэй ямар ч хамааралгүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ