“Тавантолгой” хувь хүний байр сууринаас биш хуулийн хүрээнд хэрэгжинэ

“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын дарга хүлээж авах, авахгүй гэсэн мэдээлэл тараад байна. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газар “Тавантолгой”-н гэрээний төслийг өргөн барих тогтоолыг хэзээ өгсөн бол?
-“Тавантолгой”-н гэрээний төслийг өргөн барих тогтоол УИХ-д хүргүүлсэн. Харин УИХ-ын Тамгын газраас төсөл өргөн барихтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт дутуу байна. Энэ сарын 20-ны өдрийн 16 цагт бүрдүүлж өг гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ сарын 20 буюу даваа гаригийн 16 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Уг асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд дутуу байна гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Өнөөдөр УИХ-д өргөн барина.
-УИХ-ын дарга 2 сая хувьцаа эзэмшигчийн санал дутуу байна гэж цахимаар жиргэсэн байсан?
-Тэр бол хувь хүний байр суурь байх. Ямар нэг асуудал хувь хүний байр сууринаас биш хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжинэ.
-УИХ-ын дарга хүлээж авахгүй бол УИХ-аар хэлэлцэх боломжгүй болох уу?
-Бид УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын ирүүлсэн албан бичгийн дагуу дутуу гэсэн 6 зүйлийг бүрдүүлж өгсөн.
-Өнөөдөр хүлээж авахгүй бол яах вэ?
-Монгол улс төртэй. Хуулийн дагуу л шийдвэрлэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ