Жолоодох эрхээ “ТҮЦ” машинаар шалгаарай

Иргэн та төрийн үйлчилгээ, үйлчилгээний талаарх мэдээ мэдээлэл, лавлагаа зэргийг хэнээс, хаанаас авахаа мэдэхгүй асуудалтай байнга тулгардаг уу.
Тэгвэл таны энэ асуудлыг шийдвэрлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталыг хөгжүүлэн та бүхэнд хүргэж байна. Та www.ezasag.mn хаягаар орж төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр аваарай. Энэхүү портал сайтаас та эхний ээлжинд тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой үйлчилгээ цаашлаад авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээ гэх мэтчилэн төрийн бүхий л үйлчилгээг цаг хугацаа орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж нээгдлээ.
Уг үйлчилгээний нээлт өнөөдөр Мэдээлэл технологийн Үндэсний паркад боллоо.
Нээлтийн ажиллагаанд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, ЦЕГ-ын Лицензийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Эрдэнэбат, ЦЕГ-ын Лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбат, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн телемедициний програм хангамж хариуцсан мэргэжилтэн Эрдэнэ-Очир, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санхүү хяналт шинжилгээний хэлтсийн дарга Н.Долгормаа, Мэдээллийн технологийн зайнаас оношлох цахим эмнэлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Нинж-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ үеэр тус газрын дарга Ц.Жадамбаа “Гар утас, суурин болон зөөврийн компьютер, тавлет зэрэг ухаалаг хэрэгсэл ашиглан интернэтэд холбогдсон газраас төрийн үйлчилгээг энэ сайтаас авч болно. Харин энэ үйлчилгээг авах эрх бүхий паспортоо ТҮЦ машинаас авах юм. Төлбөр хураамж шаардахгүй” гэж хэллээ. Мөн ирэх хоёр жилд багтаан төрийн 167 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ гэдгийг тэрээр онцолж байлаа.
Та цахим хэлбэрт шилжсэн үйлчилгээг компьютер, гар утас, таблет зэрэг ухаалаг хэрэгслүүдээс хүссэн үедээ хаанаас ч авч болно.
Онлайнаар төрийн үйлчилгээг авснаар:
· Замын түгжрэлд орж алтан цагаа үрэхгүй
· Олон цагаар дугаарлан зогсох шаардлагагүй
· Хөдөө, хот хаана ч байсан хэрэгтэй үйлчилгээгээ авах
· Үйлчилгээний төлбөрөө онлайнаар төлөх
· Шуудангийн үйлчилгээгээр дамжуулан бичиг баримтаа хүссэн газраа хүргүүлэх
· Өөрт шаардлагатай байгаа төрийн үйлчилгээний тухай, бүрдүүлэх материал болон бусад мэдээллүүдийг авах
· Шат дамжлага ихтэй үйлчилгээг биеэр очиж биш онлайнаар хянах зэрэг давуу талуудыг эдлэх юм.
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх нээлтийн ажиллагааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвөөс иргэдэд хүргэдэг дараах үйлчилгээнүүд www.ezasag.mn сайтаар дамжин иргэдэд хүрэх боломж нээгдэж байна.
Үүнд:
· Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх олгох
· Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэхний лавлагааны үйлчилгээ
· Гадаадын иргэнд тээврийн хэрэгслийн жолооны эрхийн үнэмлэх сольж олгох
Түүнчлэн, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар, зам тээврийн яамны үйлчилгээнүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байгаа ба тэдгээр үйлчилгээнүүд шат дараатайгаар иргэдэд тун удахгүй хүрэх юм байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ