“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төсөл УИХ-д өргөн баригдахгүй эргэж буцсаар өнөөдрийг хүрлээ. Уг төсөлд УИХ Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцол ийнхүү хаврын урт өдрүүдтэй зэрэгцэн хугацаа алдсаар ирлээ. Тавантолгойн гэрээний төсөл үзэглэгдсэнээр манай улсад хөрөнгө оруулалт орж, валютын урсгал наашлан, эдийн засгийн хүндрэл багасана гэж тооцоолж байгаа. Гэвч асуудал шийдэгдэхгүй сунжирсаар байна.
УИХ Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих тухай Засгийн газрын тогтоолыг хянаж, зарим баримт бичгийг дутуу хавсгаргасан, гэрээний төсөлд иргэдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тусгаагүй гэсэн үндэслэлээр буцаасан. Дутуу материалыг даваа гаригт дахин өргөн мэдүүлэхийг УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатар Засгийн газарт хүргүүлсэн албан бичигтээ дурьдсан байсан. Харамсалтай нь дутуу бүрдүүлсэн материалаа Засгийн газар ээлжит хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын Тамгын газраас товлон заасан даваа гаригт байтугай өнөөдөр ч өргөн бариагүй, иргэд чих тавьсаар сууна.
“Тавантолгой”-г тойрсон популизм эдийн засгийг сэргээх оролдлогыг уяж байгаа нь нууц биш. Удирдлагуудын нь үл ойлголцлоос үүдэн АН-ын бүлгийн даваа гаригийн үдээс хойшхи хуралдаанаар асуудал ширүүхэн яригдаж, “олгой хагаравч тогоон дотроо” гэдэгчлэн гишүүдийн санал хуваагдаж, намын дарга, Ерөнхий сайдын талд хуваагдан “буцалсан” сурагтай.
Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн эхэлсэн үл ойлголцолд өнөө ч цэг тавигдаагүй байгааг зарим хүмүүс эрх ашгийн зөрчил явагдаж байна хэмээн тайлбарлаж байгаа. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч улстөрчдийн хоол болгочихгүй урагшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Тавантолгойн гэрээний төсөл өчигдөр ҮАБЗ-өөр хэлэлцэгдэж, үл ойлголцолд цэг тавигдсан бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзжээ. ҮАБЗ-ийн гишүүд Тавантолгойн гэрээний төслийн талаар хэлэлцээд тодорхой зөвшилцөлд хүрсэн байна. Ингэснээр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газарт Тавантолгойн гэрээний төслийг өргөн мэдүүлэх цаг товлож өгөхөөр болжээ. Тиймээс ч Засгийн газар энэ долоо хоногтоо багтаж буюу Тавантолгойн гэрээний төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэх аж.
Хэрвээ Тавантолгойн төслийг энэ долоо хоногт өргөн баривал ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцээд явах байх. УИХ-аар 14 хоногийн дотор багтаан хэлэлцэх саналыг Ерөнхий сайд гаргасан. Эдүгээ дөрөвдүгээр сарын хоёр дахь арав хоногтоо орсон байна. Тиймээс Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олголоо гэхэд энэ сардаа багтаж манай улсад мөнгө орж ирэх найдлага байхгүй. Гэрээний төсөл парламент дахь нам, эвслийн бүлэг саналаа нэмэрлэнэ гээд популизм сунжирвал хаврын чуулганы хугацаанд л багтаж гэрээг үзэглэх магадлалтай болох нь.
Ямартай ч Тавантолгой олон шүүлтээр дамжих нь. Энэ гэрээний төсөл хэрэгжсэнээр эдийн засгийн сэргээхэд ивээс болно гэж итгэл алдалгүй хүлээх эрх л бидэнд байна.
Н.Энх