Агаар бохирдуулах бодисыг саармагжуулаагүй байна

img

“Улаанбаатар хотын халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, магадлан итгэмжлэх ажлын удирдамж”-ийн хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадал бүхий халаалтын зуухнуудад утааны хийн хэмжилт хийж магадлан итгэмжлэх ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын чанарын алба, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Япон улсын ЖАЙКА байгууллагууд хамтран хийж байгаа аж.

 

Энэ ажлын хүрээнд нийслэлийн 7 дүүргийн нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 107 халаалтын зууханд хяналт шалгалт хийж,  46 халаалтын зуух, 2 уурын зуухны яндангаас гарах утаанд хийн хэмжилт хийжээ. Шалгалтаар агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглахдaa харьяа дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авдаггүй, агаар бохирдуулах бодисыг саармагжуулах, цэвэрлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглоогүй гүний худгийн ус ашиглах дүгнэлт гаргуулж гэрээ байгуулаагүй, ус ашигласны төлбөр төлөөгүй зэрэг зөрчил илэрчээ.

 

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 5 аж ахуйн нэгжид 4607,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Халаалтын зуух ашиглан үйл ажиллагаа явуулж буй 37 аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчны багц хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүрэг түүнийг хэрхэн ханган ажиллах, агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албан бичгээр зөвлөмж хүргүүлсэн байна.

 

Албан шаардлага, актын биелэлтийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд хийгдэх гүйцэтгэлийн хяналт шалгалтаар шалгаж зөрчил давтан илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу торгуулийн болон үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авах аж.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ